Хүннү хотын цэвэрлэх байгууламж 40 хувьтай, цэвэршүүлсэн усыг голд нийлүүлнэ

Улаанбаатараас 53 километр, Зуунмодаас 10 километр зайд орших Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээлснээр хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай, Сэргэлэн дэд станцын ажил 95 хувьтай явж байна. Харин 127.4 километр авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил 40 орчим хувьд хүрчээ.
Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн төсвөөс 29 тэрбум 700 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс энэ онд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
Цэвэрлэх байгууламж нь хоногт 3,000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, 35-40 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах боломжтой. Барилгын ажлыг 2027 оны IV улиралд бүрэн дуусгах аж. Тус байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна.
Цэвэршүүлсэн усыг голд нийлүүлнэ
Цэвэрлэх байгууламжаас гарсан гүн цэвэршүүлсэн усны 98 хувийг хөрсөнд шингээлгүй, холбогдох аюулгүй байдлын шаардлагыг ханган 8.8 километр зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний хангамж
Сэргэлэн дэд станц нь 110/35/10 кВ-ын 2х40 МВт хүчин чадалтай бөгөөд Хүннү хотыг эрчим хүчээр хангах, төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг өргөтгөх ач холбогдолтой. Мөн 100 МВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станц байгуулахаар төлөвлөжээ.
Хүннү хотын дулаан хангамжийг газрын гүний дулааны эх үүсвэрээр хангах боломжтойг эрдэмтэн, судлаачид тогтоожээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

