Хотын дарга: Ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгоно

AI мэдээ
Хотын дарга: Ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгоно

Нийслэлийн удирдлага ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулж, хүнд ээлтэй хот болгохоо амласан байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ: "Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод ногоон хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэл байх болно. Тийм учраас хүн ам ихээр нягтаршин суудаг Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ногооннуур орчимд 5.5 га талбайд хувийн хэвшлийн дэмжлэгээр Хаан банктай хамтран цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байна."

Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар Жуковын хөшөөний ард талын 6,000 м.кв газрын зөвшөөрлийг зургаадугаар сард цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохоор ажил эхэлсэн байна.

Энэ зун "Ногоон өртөө" төслийг хурдацтай хэрэгжүүлж, хоёр сарын хугацаанд нийт 14 цэгт цахилгаан автомашины 38 цэнэглэгчийг байрлуулсан бөгөөд энэ онд тоог нь 80-д хүргэж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Цахилгаан автомашины тоог 50,000-д хүргэвэл 300 сая литр шатахууныг халж, 200 сая ам.долларыг хэмнэх юм.

Улаанбаатар хотод шинээр Шархад, Баянхошуу дэд төвд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Ногоон орон сууцны ус, цахилгааны хэрэглээ 20-25 хувь байх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай болон орцны гэрлийг байшин дээрх нарны панелиар эрчим хүч хуримтлуулж хангах шийдэлтэй. Цаашид 270 айлын ногоон орон сууцыг нэмж барина.

Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 5,000 айлыг хийн зууханд шилжүүлсэн бөгөөд ирэх жилүүдэд 10,000-15,000 айлыг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлнэ.

Уурын зуухаар дулаанаа хангадаг сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хийн халаалтад үе шаттай шилжүүлснээр 130 мянган өрхийн яндангаас гарах хэмжээний нүүрсний утааг бууруулна.

Б.Пүрэвдагва: "Цаашид бетонон ширэнгэд амьдрах биш илүү ногоон байгууламж ихтэй, иргэд чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх талбайтай, ахмадууд салхилах тухтай орчныг бүрдүүлсэн, хүүхдүүд тоглох талбайтай, хүндээ ээлтэй хотыг бүтээнэ" гэж мэдээллээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдоод 4 сар орчим болж байгаа билээ.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ