Хотын албан татварыг 1 хувь болгох саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар хотын албан татварыг 2 хувиас 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэхээ илэрхийлэв. Уг саналыг аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын зүгээс дэвшүүлсэн байна.

«Монголын Ресторан, Зоогийн Газрын Холбоо» ГҮТББ болон «Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо» НЭЗХЭ-ийн санаачилгаар 2026 оны 9 дүгээр сарын 23-нд нийслэлийн удирдлагууд болон хувийн хэвшлийн хамтарсан өглөөний цай уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтад салбарын 11 мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, нийт 100 гаруй ресторан, зоогийн газар, бар, зочид буудал, жуулчны бааз зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээний талаар саналаа илэрхийлэв. Тухайлбал, татварын дарамт, үйл ажиллагааны зардлын өсөлт, мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, мөнгөн урсгалын хүндрэл, зөвшөөрөл болон хяналтын давхардал, орлогын улирлын хэлбэлзэл зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна.
Салбарын холбоодын зүгээс хамтарсан уриалга танилцуулж, хотын албан татварыг 1 хувь болгон бууруулан, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэх санал дэвшүүлэв. Холбоод уг өөрчлөлтийг хэрэглэгчийн татварын ачааллыг хөнгөлөх, үйлчилгээний хэрэглээг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ гэж үзэж байна.

Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх: «МУ-ын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга болон Нийслэлийн 2026 оны “Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ» гэв.
Мөн аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчныг 50 метрийн хүрээнд тохижуулах, цэвэрлэх тухай нийслэлийн удирдлагаас дэвшүүлсэн уриалгыг дэмжлээ.
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн удирдлага болон иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчидтэй нээлттэй ярилцаж, харилцан санал солилцсон энэхүү уулзалт цаашдын салбарын хөгжилд ач холбогдолтой боллоо.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

