Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж, гурван гомдол ирлээ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд Улсын Их Хурал 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр баталсан нэмэлт өөрчлөлт есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
Нэмэлт өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэгт хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад үйлчлэх, хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг гаргах, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргийг нэмжээ.
Гомдлын тоо
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан "Шинэ хөрөнгө оруулалт татахын тулд одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, гомдлыг нь яаралтай шийдвэрлэх нь чухал. Гомдол шийдвэрлэгдэхгүй удсанаар хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй улс гэсэн дохио гадаадад түгдэг" гэжээ.
Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар 50 гаруй гомдол ирсэн байна. 2026 онд ЭЗХЯ-нд ирээд байсан есөн гомдлыг Хөрөнгө оруулалт, худалдааны газар хүлээж авсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр тус байгууллагад гурван гомдол иржээ. Эдгээр гомдлыг хуулиар 30 хоногт шийдвэрлэх үүрэг хүлээсэн аж.
Хөрөнгө оруулагчид төрийн байгууллага болон албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүйн асуудал байвал гомдлоо өгч 30 хоногт шийдүүлэх боломжтой бөгөөд ирсэн гомдлуудаар тайлан гаргаж, нийтэд мэдээлэх юм.
Харин хувийн хэвшлийн компани хоорондын асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, шүүх, арбитраар шийдвэрлэхээр орсон асуудал, татварын маргааныг шийдвэрлэхээр зөвлөлд хандсан хэрэг, Хүний Эрхийн Үндэсний Комисст хандсан хэрэг дээр ажиллах боломжгүй гэжээ.
Хөрөнгө оруулалт, худалдааны газарт нэг цэгийн үйлчилгээ бий бөгөөд хэрэгцээт зөвлөгөө өгч үйлчлэхийн зэрэгцээ компанийг нь бүртгэн оршин суух зөвшөөрлийг нь өгдөг байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

