Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрладаг «Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв»-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсныг өнгөрөгч онд нийслэлийн өмчид буцааж авчээ. Одоо тус барилгыг хүүхдийн эмнэлэг болгохоор засварлаж байна.
Засварын ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 1-нд эмнэлгийг ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосноо хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр мэдээлэв. «Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ» гэж тэрбээр хэлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг. Гэвч ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд 24 цагаар ашиглах юм байна.
Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх аж. Харин өмнө нь Элэг судлалын төв байхад нь эмнэлгийн хяналтад байсан эмчлүүлэгчдийн тусламж, үйлчилгээг хэвээр хадгалахаар тооцжээ.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн барилгыг 3.9 тэрбум төгрөгөөр 2025-2026 онд засварлаж дуусгахаар нийслэлийн 2026 оны төсвийг баталсан байна.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Тамхины бүтээгдэхүүний импорт есөн сард 81.9 сая ам.долларт хүрч, халаадаг тамхи 177 дахин өсжээ

