Хагас коксон түлшийг өмнөх өвлийн нийлүүлэгч Хятадын компаниас авч байна

AI мэдээ
Хагас коксон түлшийг өмнөх өвлийн нийлүүлэгч Хятадын компаниас авч байна

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлш худалдан авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК энэ оны зургаадугаар сард зарлаж, наймдугаар сард нээсэн. Уг тендерийн дагуу хагас коксон түлшийг 288,780,676,800 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд татан авалт өчигдөр эхэлсэн.

2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татах төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж иржээ. Эхний 50 вагоныг өчигдөр (2026.10.12) "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн бол дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд ирсэн байна.

"Тавантолгой Түлш" компаниас тодруулснаар хагас коксон түлшийг өмнөх өвлийн улиралд түлш нийлүүлсэн БНХАУ-ын "Шаньси нүүрс-химийн групп"-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар компаниас худалдаж авч байгаа аж.

Иргэдэд 25 килограммын шуудай хагас коксон түлшийг 5,000 төгрөгөөр худалдан борлуулна.

Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд зориулж 306 мянган тонн хагас коксон түлшийг 226 тэрбум төгрөгөөр буюу нэг тонныг 738 орчим мянган төгрөгөөр тус компаниас авч байжээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ