ХААН галерейд "Домогт хатад" уран баримлын үзэсгэлэн нээгдлээ

Уран барималч Б.Очирсүрэнгийн бие даасан "Домогт хатад" үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 2-нд ХААН галерейд нээлтээ хийж, олон нийтэд хүртээл боллоо.
Энэхүү үзэсгэлэн нь Цагаадайн улс, Алтан ордын улс, Ил хаадын улс, Их Юань улс зэрэг эртний төрт улсын үед төр, нийгмийн хэрэгт оролцож байсан хатдын дүрийг бүтээснээрээ онцлогтой.
Уран бүтээлч түүхэн хатдын дүрийг бүтээхдээ археологийн олдвор, түүхэн сурвалж, хувцас, гоёл чимэглэл, эд өлгийн зүйлсийн олдвор, тэдгээрийн бэлгэдэл, хээ дүрс, хөдөлгөөний нарийн судалгаанд тулгуурлажээ. Мөн хатдын хувь заяа, сонголтыг хаан төрийн түүхэн замналтай холбон, тэдний амьдрал Монголын түүхийн томоохон үйл явдлуудтай хэрхэн огтлолцож байсан тухай өөрийн бодол эргэцүүллийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн байна.

"Домогт хатад" үзэсгэлэнгийн бүтээл бүр өөр өөр хувь тавиланг өөрийн "хэлээр" өгүүлж байгаа мэт харагдана. Шонхроо гартаа авсан анч хатны дүрээс эрх чөлөө, эр зориг мэдрэгдэх бол оюун билиг, алсын хараагаараа төр, нийгмийн амьдралд нөлөөлсөн төрийн зүтгэлтэн хатдын дүр ч үзэгдэнэ.
Ингэснээр хатдын хувь заяа, сонголт, дотоод хүч, төр нийгэмд үзүүлсэн нөлөөг өнөөгийн үзэгчдэд дахин шинээр эргэцүүлэх орон зайг бүрдүүлсэн төдийгүй зөвхөн хааны хатад, эгэл түүхэн дүрүүд бус түүхийг бүтээлцсэн бие даасан оролцогчид хэмээн хүчтэй тунхаглажээ. Б.Очирсүрэнгийн бүтээлд эдгээр дүрийн сүр хүчийг сүрлэг хөдөлгөөнөөс илүүтэй дүрийн төрх, дотоод мэдрэмж, хэмнэл, орон зайн шийдлээр дамжуулан харуулсан нь гайхалтай.

Уран барималч Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвийг судлан бүтээлдээ тод томруун тусгадгаараа онцлог. Тэрбээр Австри улсын Вена хотын Дэлхийн музейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулж, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байсан туршлагатай.
"Домогт хатад" үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 30-ныг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд нээлттэй байна.





Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

