Гурван нүхэн гарц түгжрэлийг 11-17 хувиар бууруулна гэж тооцоолжээ

AI мэдээ
Гурван нүхэн гарц түгжрэлийг 11-17 хувиар бууруулна гэж тооцоолжээ

Нийслэлд өнөөдрийн байдлаар гурван нүхэн гарцын барилгын ажил үргэлжилж байна. Эдгээр нь ашиглалтад орсны дараа тухайн бүсийн авто замын түгжрэл хэрхэн өөрчлөгдөх талаар НТУГ-аас мэдээлсэн байна.

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамж болон Эрчим хүчний гудамжийг шууд холбосноор жолооч нар богино чиглэлээр зорчих нөхцөл бүрдэж, орчмын замын ачаалал 11 хувиар буурах тооцоолол гарчээ. Энэ гарцаар өдөрт 24,775-27,500 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх аж.

Хермес төвийн урд баригдаж буй нүхэн гарц Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбоно. Ингэснээр төмөр замын хоёр талын хөдөлгөөнийг шинэ чиглэлээр хуваарилж, орчмын замын ачааллыг 17.6 хувь, Нарны замын ачааллыг 16.1 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон байна. Уг чиглэлээр өдөрт 33 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрнэ.

Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор автомашины дундаж хүлээлгийн хугацаа 120 секундээс 38 секунд болж буурчээ. Өмнө нь төмөр замын гарам хаагдах үед урт дараалал үүсдэг байсан бол одоо өдөрт 45 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч, урсгал нэмэгдсэн байна.

Нүхэн гарцууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн хурд, хөдөлгөөний тогтмол байдал сайжирч, автомашины сул зогсолт багассанаар жилд 475-865 сая төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.

Төмөр замын доогуур нүхэн гарц барих үндэслэл нь ачаалал ихтэй гармуудын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэдэг. 2016 онд төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн 6 осол гарсан бол 2017 онд 10 осол бүртгэгдэж, нэг хүн нас барсан тухай судалгаа бий. Мөн ачаалал ихтэй гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас өдөрт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, түгжрэл нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн тунель барих ажил биш, холбоос авто зам, явган хүний нэг түвшний болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, ус зайлуулах систем, явган дугуйн зам, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан, шилэн кабель зэрэг инженерийн шугам сүлжээний шилжүүлгийг багтаасан зам, замын байгууламж юм.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ