Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

Геронтологийн үндэсний төвийн анхны шинэ барилгыг ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан байна.
Тус төв нь Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн байгууллага бөгөөд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, насжилт, настны эмгэг судлалын чиглэлээр сургалт, судалгаа, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэгтэй.
Шинэ барилга байгууламжийг бий болгох асуудал олон жил яригдаж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын төсвийн санхүүжилтээр барих асуудал 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анх гэрээ байгуулснаар барилга угсралтын ажил эхэлжээ. Барилгыг 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж, 2026 оны есдүгээр сарын 16-ны өдөр БА-274/2026 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулах дүгнэлт нь баталгаажсан байна.


Одоогоос долоон жил нэг сарын өмнө эхэлсэн тус төвийн барилга ашиглалтад орлоо.
Шинэ барилга ашиглалтад орсноор төвийн үйл ажиллагаа зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, ахмад настны эрүүл мэнд, бие даасан байдал, амьдралын чанарыг дэмжсэн урт хугацааны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ ахисан түвшний сэргээн засах тусламжийг үе шаттайгаар нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.
Ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Тус төв цаашид ахмад настны өвчин эмгэгийг эмчлэхээс гадна эрүүл, идэвхтэй, бие даасан, нэр төртэй насжихад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, нотолгоонд суурилсан мэдлэг, шинэ технологи, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх аж.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

