Германы пуужин сансарт нисч, Европын бие даасан нислэгийн түүхэнд шинэ хуудас нээлээ

Германы стартап компани Isar Aerospace Бямба гарагт Норвегийн туйлын бүсээс Spectrum пуужингаа амжилттай хөөргөснөөр Европ тив өөрийн нутаг дэвсгэрээс хиймэл дагуул хөөргөх чадвартай болох замд нэг алхам ойртлоо.
Энэхүү нислэг Европын эх газраас хөөрч, дэлхийн тойрог замд хүрсэн анхны арилжааны пуужин болж байгаа юм. "Бид тойрог замд байна! Европын түүхийг бүтээлээ" гэж тус компани сошиал хуудсаараа мэдэгджээ.
Норвегийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Сесили Мирсет "Бид одоо Андоеагаас хиймэл дагуул хөөргөх боломжтой болсон нь энэ хүнд хэцүү цаг үед Норвеги болон Европын аюулгүй байдлыг бэхжүүлж байна" гэж онцолсон байна.
Норвегийн умард туйлын Андоеа сансрын буудлаас хөөрсөн Spectrum пуужин таван жижиг хиймэл дагуул болон нислэгийн технологийг турших төхөөрөмж тээвэрлэсэн. Энэ нь компанийн хоёр дахь хөөргөлт бөгөөд анхны пуужин нь 18 сарын өмнө ижил буудлаас хөөрөхдөө галд автаж, далайд унасан билээ.
Германы канцлер Фридрих Мерц гуравдугаар сард тус компанийн хөөргөх талбайд зочилж, дэлхийн дэг журам АНУ-ын ерөнхийлөгч Трампын үед өөрчлөгдөж, Европын бие даасан байдал чухал болж буйг онцолсон аж.
Одоогийн байдлаар хиймэл дагуул хөөргөх дэлхийн зах зээлд АНУ-ын SpaceX, Гайанагаас хөөргөдөг Францын ArianesGroup зонхилж байна. Харин Швед, Их Британи зэрэг орнууд ч өөрийн нутаг дэвсгэрээс хөөргөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй нь Европын бие даасан байдлыг хангах зорилготой юм.
Өнгөрсөн долоо хоногт Isar компани Европын Сансрын Агентлагаас шинэ пуужин хөгжүүлэх, хөөргөлт, туршилтын дэд бүтэц бий болгоход зориулж 200 сая еврогийн санхүүжилт авснаа зарласан бол Канад улсад хоёр дахь хөөргөх газраа байгуулж байгаа юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

