Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сар хорих ял оноов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэж, тайлбар гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Э-г эхнэрээ 2005-2020 онуудад байнга зодсон, 2023 оны арваннэгдүгээр сараас 2025 оны зургаадугаар сарын хооронд нийт 7 удаа зодсон, 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2025 оны долоодугаар сард эхнэрийн тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн, мөн 16 настай хүүгээ 2025 онд 3 удаагийн үйлдлээр зодож, гэрээсээ хөөсөн зэргээр хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
2026 оны есдүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд гэм буруу болон хохирол хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, эхнэр Н-г 2005-2020 онуудад зодсон үйлдэл хангалттай нотлогдоогүй, баримтгүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Харин 2024 онд эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эхнэр болон насанд хүрээгүй хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эхнэрээ мөрдөн мөшгөсөн гэсэн гурван гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.
2026 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хянан хэлэлцээд дараах ялыг шийтгэсэн байна.
- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял;
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Н-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял;
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийллийг насанд хүрээгүй хохирогч Н-ийн буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хорих ял;
- Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт „Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт „Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.
Шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

