Геологийн төв лабораторийн урд баригдаж буй нүхэн гарцыг аравдугаар сарын 30-нд нээнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, Геологийн төв лабораторийн авто замын урд талд баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалт 61.3 хувьтай явж байна.
Энэхүү байгууламж нь Үйлдвэрчний эвлэлийн гудамж болон Эрчим хүчний гудамжийг холбосон 1.48 километр авто замыг багтааж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай. Гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр замын доогуур барих төлөвлөгөөтэйгээр авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөсөн байна.

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэж хэлсэн.

Нүхэн гарцын төсөлд авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь багтааж, төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд явуулахаар төлөвлөжээ.
Тооцоогоор тус замаар өдөрт 31,000 орчим машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцах юм байна.
БНХАУ-ын “ЭКСИМ” банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлсэн.
Нийслэлийн 2026 оны төсвөөс “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум, нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

