Гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Монгол Улс 2026 оны эхний 8 сард нийт 155 улстай худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 14.4 тэрбум, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 6.1 тэрбум (36.8%), экспорт 5.2 тэрбум (57.2%), импорт 891.2 сая (11.9%) ам.доллароор тус тус өссөн бол тэнцэл 4.3 тэрбум (3.6 дахин) ам.доллароор нэмэгдсэн байна.
2026 оны 8 дугаар сард экспорт өмнөх сараас 382.2 сая (21.1%), импорт 171.0 сая (16.4%) ам.доллароор тус тус өссөн байна.

Экспортын өсөлтөд зэс, нүүрс, алт, ноолуур голлон нөлөөлжээ
Экспорт 2026 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.8 тэрбум, нүүрс 1.9 тэрбум, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 255.6 сая, самнасан ноолуур 97.1 сая, гянтболдын хүдэр, баяжмал 53.9 сая, хар тугалгын хүдэр, баяжмал 40.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 46.7 сая, молибдений хүдэр ба баяжмал 22.8 сая, адууны мах 8.6 сая, хонь, ямааны мах 6.2 сая ам.доллароор тус тус буурсан байна.
Импортын өсөлтөд түлшний үнэ голлон нөлөөлжээ
Импорт өмнөх оны мөн үеэс 891.2 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 407.6 сая, автобензин 73.4 сая, бульдозер, экскаватор зэрэг 56.2 сая, шинэ дугуй 48.6 сая, хар төмөр бүтэц, эд анги 36.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин суудлын автомашин 108.6 сая, ачааны автомашин 47.1 сая, ухаалаг гар утас 16.0 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Автобензиний импорт 2026 оны эхний 8 сард 619.4 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар, дизель түлшний импорт 1.3 сая тонн хүрч, 5.7 хувиар тус тус өссөн байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

