Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

AI мэдээ

Энэ оны зургадугаар сард Оюутолгойн бүлэг ордын хоёр лицензийн эзэмшдэг «Онтре» компани лицензийн шилжүүлэлтэд оногдох татвараа өөрсдөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн уг асуудлаар мэдээлэл өглөө.

«Онтре» компанийн тусгай зөвшөөрөл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамааралгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хоёрхон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах эрх нь байгаа. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний хөнгөлөлт чөлөөлөлт, давуу эрхийг эдэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед «Онтре» компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тухайн процессын дагуу хугацаандаа энэ зөвшөөрлийг шилжүүлээгүй. Одоо бол тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, татвар төлсөн мэтээр мэдээлэл хийж байна» гэв.

Тэрбээр аж ахуйн нэгж байгууллагууд татвараа урьдчилаад төлж болдог, гэтэл тухайн хууль журмын дагуу төлөх ёстой татвараа төлсөн бол хүлээж авна, тухайн аж ахуйн нэгж татвараа сайн дураараа төлчихсөн байвал оны эцэст буцаагаад шилжүүлнэ гэж тайлбарлав.

«Онтре» компани татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш. Хуульд заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой. «Онтре» компанийн тусгай зөвшөөрөл шилжсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье» гэж Г.Тэмүүлэн хэлэв.

Мөн албан ёсны гэрээ хэлэлцээрийн ширээний ард суугаад Оюутолгой төслийн хүрээнд олборлолтод оруулж ашиглах хүсэлт тавивал хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгож болно, гэхдээ үр өгөөж хэрхэн хуваах талаар тохирно. «Онтре» компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх одоогийн хууль тогтоомжоор нээлттэй байгаа гэж тэрбээр нэмж хэлэв.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
6

Холбоотой мэдээ