Г.Очмаа: Бавари мужийн сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Берлин хотноо "Чингис хаан ба монголчуудын ертөнц" үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнд Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны олдворууд, нүүдэлчдийн болон Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой дурсгалууд дэлгэгдсэн байна.
Нээлтийн үеэр ХБНГУ-ын Бавари мужид Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг Г.Очмаатай ярилцлаа. Тэрбээр 2011 оноос хойш Герман улсад амьдарч, энэ нутгийн хүнтэй гэр бүл болсон бөгөөд Бавари мужийн Грэфелфинг хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Сонгуулийн туршлага
Г.Очмаа Грэфелфинг хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж буй ганц монгол хүн бөгөөд түүнээс гадна 23 төлөөлөгч байдаг. Тэрбээр анх 2020 онд SCU намаас Баварийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж, тухайн хотын засаг даргын дараа орох санал авсан. Баварийн орон нутгийн сонгууль зургаан жилийн циклтэй байдаг бөгөөд 2026 оны сонгуульд тэрээр дахин нэр дэвшин сонгогджээ.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд хамгийн чухал нь иргэдэд танигдсан байх шаардлагатай гэж тэрээр ярьсан. Анх SCU намаас нэр дэвших санал тавихад тэрээр татгалзаж, "Намайг хэн сонгох юм" гэж гайхаж байснаа дурдав. Харин намаас "Та их идэвхтэй ажиллаж амьдардаг. Өндөр настай, ядуу буурай хүмүүст тусалдаг, өрх толгойлсон хүмүүс болон хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тань санал авах боломжтой" гэж урам зориг өгснөөр анх удаа сонгуульд өрсөлдөж ялалт байгуулжээ.
Орон нутгийн засаглал ба нийгэмлэгийн үйл ажиллагаа
Герман Улсад орон нутгийн засаглал хүчтэй байдаг гэж Г.Очмаа хэлэв. Зарим тохиолдолд тухайн орон нутгийн хууль, дүрэм Холбооны улсын хуулиас хүчтэй үйлчилдэг бөгөөд тухайн хотын засаг дарга нь иргэдийн хуралтайгаа эсвэл тойргийн муж нь тойргийн засгийн газартайгаа бие даан шийдвэр гаргах боломжтой байдаг. Тэрбээр мөн Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд тус нийгэмлэг 1973 онд, буюу хоёр улс албан ёсны харилцаа тогтоохоос нэг жилийн өмнө байгуулагдсан. Нийгэмлэгийн үйл ажиллагаа нь хоёр орны эрдэм шинжилгээ, соёлын салбарыг холбох, монголын соёл, ахуйг Германы иргэдэд таниулах, гаднын орнуудын бизнес эрхлэгчдийг монголчуудтай холбох зэрэгт чиглэдэг гэж тэрээр танилцуулав.
Холбоотой мэдээ

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тогтоолын төсөл боловсруулсан

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Орон сууцны мэдээллийг E-Mongolia-гийн "Баталгаат байр" цэсэнд байршуулна

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

Б.Дашпүрэв: Өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ

