Францын шампань дарс энэ жил илүү согтоох чадвартай болжээ

Францын Шампань бүс нутагт энэ зун агаарын хэт халалт, ган гачгийн улмаас усан үзмийн чихрийн агууламж ердийнхөөс хамаагүй өндөр болсон тул шампань дарс үйлдвэрлэгчид спиртийн агууламжийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болжээ. Исэлтийн явцад чихэр спирт болон хувирдаг тул дарсны согтоох чадвар нэмэгдсэн байна.
Салбарын эх сурвалжийн мэдээлснээр спиртийн стандарт 13 хувийг түр хугацаанд 15 хувь болгон өсгөхөөр болсон байна.
“Comite Champagne” холбооны мэдээлснээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тус бүс нутагт энэ жилийн усан үзмийн ургац хураалт түүхэндээ байгаагүй эрт эхэлж, наймдугаар сарын эхээр эхний ургацыг хураасан нь “Шампань бүс нутгийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн эрт хураалт” гэнэ.
Тус холбооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр спиртийн агууламжийг түр нэмэгдүүлэх шийдвэр бүх үйлдвэрлэгчид биш, цөөн тооны үйлдвэрлэгчдэд үйлчилнэ. “Шампань дарсанд хөөс үүсгэдэг хоёрдогч исэлтийн явцад энэ жилийн зарим ургацаас гаргаж авсан дарсны спиртийн хэмжээ 13 хувийн дээд хязгаараа бага зэрэг давахаар байгаа. Тиймээс зөвхөн энэ жилийн хувьд дээд хязгаарыг 15 хувь хүртэл нэмэгдүүлэх онцгой бөгөөд түр зуурын шийдвэр гаргасан” гэж тэр тайлбарлажээ.
Шампань дарс доод тал нь 15 сар боловсрох шаардлагатай тул 2026 оны ургацын дарснууд 2028 онд худалдаанд гарна.
Энэ зун Европын олон орон агаарын хэт халалтад нэрвэгдсэнээс хамгийн хүнд туссан улс нь Франц байсан бөгөөд Copernicus уур амьсгалын хүрээлэнгийн мэдээлснээр Европ тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна. “Comite Champagne” холбоо энэ үзэгдэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашдаа 10-15 жилийн дотор хэвийн зүйл болж магадгүйг тайлбарласан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

