Францад цагдаагийн хүч хэрэглэхийг зөвшөөрөх хуулийн төслийг эсэргүүцэж жагсжээ

Ням гарагт Парис болон Францын бусад хотуудад олон мянган хүн жагсаал зохион байгуулж, цагдаа, жандармуудад хүч хэрэглэхийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг эсэргүүцжээ.
Цагдаа нар зэвсгээ ашигласан тохиолдолд хуулийн дагуу ажилласанд тооцох энэ хуулийн төслийг “алах зөвшөөрлийн тухай” хууль гэж нэрлэх болсон байна.
Парламентын доод танхим Үндэсний Ассамблей долдугаар сард уг төслийг дэмжсэн бол дээд танхим болох Сенат санал хураах гэж байна.
Парисын жагсаалд улс төрчид, хүний эрхийн байгууллагууд оролцсоны дотор зүүний үзэлтэй “Нугаршгүй Франц” намын тэргүүн Матильд Панот багтжээ.
“Цагдаа нар аль хэдийн хүмүүсийг алаад эхэлсэн. Манай Бүгд Найрамдах Улсад бусдыгаа алах эрхтэй иргэдийн ангилал байх ёсгүй” гэж Панот хэлээд, хуулийн төслийг унагахыг Сенатад уриалсан байна.
Жагсаалд Эмнести Интернэйшнл, Францын Шүүгчдийн Үйлдвэрчний Эвлэл, Хүний Эрхийн Лиг зэрэг байгууллагууд оролцжээ.
Өмнөх амралтын өдрүүдэд Францын бусад хотуудад ийм жагсаал болсон бөгөөд Лион хотод 4,500, Тулуз хотод 3,700 орчим хүн оролцсоныг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Үндэсний Ассамблейн вэб сайтад үүсгэсэн онлайн өргөдөлд 730,000 хүний гарын үсэг цугларчээ.
Бямба гарагт дотоод хэргийн сайд Лоран Нюнес жагсаалын үеэр сонор сэрэмжтэй байж, хэрэг явдал гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагад уриалж байжээ.
Реннес хотод болсон жагсаалын үеэр хууль сахиулагчидтай жагсагчид мөргөлдсөний дараа гурван цагдаа бэртэж, найман хүн саатуулагдсан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

