Францад 550 мянга гаруй хүн жагсаж, 1200 хүн баривчлагджээ

Франц даяар бямба гарагт боловсролын стандарт муудаж, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдалд шилжсэн тухай мэдээлэл гарчээ. Засгийн газраас "хүчирхийллийн хурцадмал байдал" гэж тодорхойлсон энэ үйл явцын үеэр 550,000 орчим хүн гудамжинд жагсаж, дор хаяж 1,200 хүн баривчлагдсан байна.
Парист өчигдөр орой жагсагчид болон цагдаагийн тусгай хүчний хооронд ширүүн мөргөлдөөн болж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.

Нийслэл болон бусад бүс нутагт барилга байгууламж олноор шатсан бөгөөд Лимож хотын захиргааны байранд гарсан томоохон түймрийн улмаас дээвэр нь хэсэгчлэн нуржээ. Хэд хэдэн хотод дээрэм тонуул гарч, захиргааны байр, худалдааны төвүүдийг чиглэсэн эвдлэн сүйтгэх үйлдэл бүртгэгдсэн байна.
Дотоод хэргийн сайд Лоран Нюньесийн мэдээлснээр хууль сахиулах байгууллагын 60 ажилтан гэмтэж бэртсэний дотор хоёр хүн ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Парисын төвд цагдаа нар цугларсан хүмүүс рүү дайрч, хэд хэдэн хүнийг бороохойгоор зодож байгаа нь харагдсан байна.
Лион хотын дарга Грегори Дусе хотын аялал жуулчлалын товчоо шатсан явдлыг хотынхоо хувьд "эмгэнэл" гэж нэрлээд "Энэ нь маш алдартай, түүхэн ач холбогдолтой барилга байсан тул бидний сэтгэлийг үнэхээр их өвтгөж байна" гэж хэвлэлд ярьжээ. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр "дайсагнагч этгээдүүд" гал унтраах ажиллагаанд саад учруулсан байна.
Францын зүүн өмнөд хэсэгт оршдог Сэн-Этьен хотын дарга Режис Хуанико нэг залуу "гар бөмбөгөнд өртөж, гараа таслуулсан" тухай мэдээлээд "Ийм эмгэнэлт явдал хэзээ ч гарах ёсгүй байсан юм" гэж сошиал хуудсандаа бичжээ.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр Парисын зарим хэсэг, Марсель, Ренн, Тулуз, Анже зэрэг хотуудад болсон жагсаалын үеэр "нүүрээ халхалсан хүмүүс" "зориудаар хүчирхийллийн үйлдэл" гаргасан байна. Гренобль, Авиньон, По, Монпелье, Валанс зэрэг хотод барилга байгууламж эвдэж сүйтгэсэн тухай мэдээлэл иржээ.
Парист хувцас, хүнсний дэлгүүр дээрэмдүүлсэн бол Лилль хот дахь "Apple"-ийн дэлгүүрт халдаж, доторх барааг бүгдийг нь авч одсон байна.
Сүүлийн долоо хоногуудад 15-аас 18 насныхан суралцдаг ахлах сургуулиудад багш, ажилтны дутагдал үүсэж, сургуулийн барилга байгууламж хуучирч муудсаныг өөрчлөхийг шаардсан олон зуун мянган сурагч эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Бямба гарагт тэдний эгнээнд үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон бусад эсэргүүцлийн бүлгүүд нэгдсэн байна.
Эдгээрийн дотор 2018 оноос хойш амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн Францын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болох "Шар хантаазтнууд" (gilets jaunes) багтжээ.
Франц улс эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдалтай өмнө нь олон удаа нүүр тулж байсан ч энэ удаагийн үйл явдал тус улс улс төрийн гүн хямралд шилжиж буй цаг үед тохиож байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх жил албан тушаалаа хүлээлгэн өгөх бөгөөд санал асуулгуудын дүнгээс үзвэл дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй "Үндэсний нэгдэл" намын тэргүүн Марин Ле Пэн болон хэт зүүний үзэл баримтлалтай "Нугаршгүй Франц" намын Жан-Люк Меланшон нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж болзошгүй байна.
Жан-Люк Меланшон сүүлийн жагсаалуудад биечлэн оролцсон бөгөөд цагдаа нарыг хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг дэвэргэсэн гэж буруутгаж байгаа. Харин Ле Пэн жагсагчдын "хууль ёсны шаардлагыг хэт зүүний үзэлтнүүд барьцаанд авсан" гэж мэдэгдээд хүчирхийллийг өдөөсөн хэмээн Меланшоныг буруутгаж байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон үймээн самуун дэгдээж, дээрэм тонуул үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, шийтгэхээ амлажээ. Засгийн газар жагсагчидтай зөвшилцөхийг хичээсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Боловсролын сайд Эдуард Жеффрей аравдугаар сарын 8-ны өдөр телевизээр ярихдаа 3,000 нэмэлт багшийн орон тоо бий болгохоо амлаж байв.
Холбоотой мэдээ

Трамп Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцалж, хоёр намын шүүмжлэлд өртөв

Авраамын хэлэлцээр: Трампын Ойрх Дорнодын энх тайвны санаачилга

Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

М.Энхцэцэг: ХҮН намын хуйвалдаанаар дулаан хангамжийн хууль батлагдсангүй

Азербайжан сургуульд хижаб хориглосны улмаас Бакуд жагсаал гарч, Турктай маргаан үүсэв

