Франц даяар 500 орчим сургууль хичээлээ зогсоожээ

Аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүйгээс Даваа гарагт Франц даяар 400-500 орчим ахлах сургуулийн хичээлийг бүрмөсөн эсвэл хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргасныг боловсролын сайд Эдуард Жеффрей Ням гарагт мэдэгдэв.
Цагдаа нар болон сурагчдын хоорондын мөргөлдөөн хэд хоног үргэлжилсний дараа энэ шийдвэр гарсан байна.

Жеффрей мэдэгдэлдээ эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш 24 сургууль "галдан шатаах болон тонон дээрэмдэх" халдлагад өртсөнийг дурдав.
Боловсролын тогтолцооны стандартын асуудлаар олон мянган сурагчийн оролцсон жагсаал өнгөрсөн долоо хоногт Парист эхэлж, Монпелье, Нант, Марсель зэрэг хотуудад тархсан байна.
Ахлах сургуулийн сурагчид болон бусад хүмүүс багшийн хүрэлцээ муу, анги дүүргэлт хэт их, сургуулийн барилга байгууламж хуучирч муудсан зэрэг асуудлыг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардаж байна.
Баасан гарагт хууль зүйн сайд Жеральд Дарманин улсын 3,700 сургуулийн 735 нь хүчирхийлэл дагуулсан эсэргүүцэлд "ямар нэгэн байдлаар" автсаныг мэдэгдсэн. Боловсролын сайд нөлөөнд өртөж болзошгүй сургуулиудын тоо Баасан гарагийн үзүүлэлттэй ойролцоо байж магадгүй гэж анхааруулсан ч "хичээлийг хэсэгчлэн, шат дараатайгаар сэргээх"-ийг амлав.
"Ялангуяа хэт зүүний үзэлтнүүд ахлах сургуулийн сурагчдын хөдөлгөөнд нэвтэрч, уг хөдөлгөөнийг сурагчдын гараас булаан авч, хэрээс хэтэрсэн хүчирхийлэлд турхирч байна"
гэж Эдуард Жеффрей мэдэгдсэн.

Сайд боловсролын салбарын 78 ажилтан гэмтэж бэртсэнийг дурдаад, үүнийг "урьд өмнө хэзээ ч байгаагүй үзэгдэл" гэж тодорхойлсон.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр Баасан гарагт улс даяар 1,747 хүн баривчлагдсан.
Жагсаалыг зохион байгуулагчид засгийн газар "дорвитой арга хэмжээ" авахгүй байгаа тул Мягмар гарагт жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Ням гарагт ерөнхий сайд Себастьян Лекорню засгийн газар ахлах сургуулийн сурагчид болон боловсролын салбарын ажилтнуудад тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхээ амласан. Тэрбээр мөн нийтийг хамарсан үймээний үеэр хохирол учруулсан этгээдүүд үйлдлийнхээ төлөөсийг хариуцдаг механизмыг баталгаажуулах зорилгоор "вандализмын хохирлыг буруутан нь төлөх" тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж байгааг мэдэгдсэн.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

