Филиппиний шоронд хоригдож буй Өмнөд Солонгосын алуурчин дрон ашиглан оргохыг завджээ

Филиппиний шоронд хүн амины хэргээр хоригдож байгаа Өмнөд Солонгосын гэмт хэрэгтэн дрон ашиглан оргохоор төлөвлөж байсныг санамсаргүй тохиолдол илчилсэн байна.
47 настай Пак Ван Ёл 2016 онд Филиппиний Баколод хотын ойролцоо чихрийн нишингийн талбайд гурван нутаг нэгтнээ буудсан хэргээр «нишингийн талбайн алуурчин» хочтой болж, 2022 онд шүүхээс 60 жилийн хорих ял сонссон. Филиппиний эрх баригчид түүнийг 4.8 кг метамфетамин төрлийн мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр байцаалт өгүүлэхээр энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгос руу түр шилжүүлжээ.
Өмнөд Солонгосын JTBC телевизийн мэдээлснээр, тэр шилжүүлэгдэхээсээ өмнө буюу энэ оны эхээр Филиппиний шоронгоос дрон ашиглан оргохыг завдсан ч бүтэлгүйтсэн байна.
Пак өмнө нь 2017, 2019 онуудад шүүх хурлаас буцах замдаа хоёр удаа оргож байжээ.
Сүүлийн оролдлогодоо тэрээр 75 кг даацтай дрон худалдаж авахад 100 сая вон (74,000 доллар) зарцуулсан байна. Гэвч түүний хамсаатан шоронгийн ойролцоо дроны сигнал сарниулах зэвсэг ажилладаг эсэхийг шалгах туршилтын нислэг хийж байгаад баригджээ.

Эдгээр нислэгийн нэгийг ойролцоо явж байсан хүн санамсаргүй гар утасны камертаа буулгаж, сошиал сүлжээнд тараасан байна. Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эхэндээ үүнийг хөгжилтэй бичлэг мэтээр цацаж байсан ч эрх баригчид Пактай холбоотой болохыг нь сүүлд тогтоосон байна.
JTBC сувгийн мэдээлснээр, Пак эхэндээ шоронгийн автомашиныг отолтод оруулах замаар оргох төлөвлөгөө боловсруулж байснаа сүүлд дронд дүүжлэгдэн нисэх аргыг сонгожээ.
Хамт хоригдож байсан нэгэн хоригдол Пак «Над шиг хүний шоронгоос оргох үйлдэл ийм хэмжээний том байх ёстой» гэж ярьж байсныг гэрчилсэн байна.
«Asia Business Daily» сонины мэдээлснээр, Пак «New Bilibid» нэртэй шоронд маш тав тухтай хоригддог байжээ. Тухайлбал тэр агааржуулагч, зурагт, гар утас бүхий тусгай өрөөнд хоригдохын тулд сард зургаан сая вонтой тэнцэх мөнгө төлдөг байсан бөгөөд шоронгоос Өмнөд Солонгос руу хар тамхи нэвтрүүлэх ажлыг удирдаж байсан гэдэг.
Филиппиний шоронгоос хоригдол оргосон тохиолдол сүүлийн жилүүдэд эрс буурч, жилд дунджаар 60-70 орголт бүртгэгддэг болсон. 2012 онд 81 хүн оргож хамгийн өндөр тохиолдол болж байсан бол өнгөрсөн онд 10 хоригдол оргосон байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

