Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

AI мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирсэн байна.

Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Ерөнхийлөгчийг Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авчээ.

Нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдсан бөгөөд газардсаны дараа хүндэтгэлийн нислэг үйлдсэн байна.

Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.

Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Мөн "Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал" байгуулж, "Стратегийн түншлэл"-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох юм.

Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах "Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнг нээнэ.

Айлчлалын хүрээнд "Монгол-Германы бизнес форум", "Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг", "Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин" олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд "Иж бүрэн түншлэл"-д хүргэсэн юм.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж "Стратегийн түншлэл"-ийн харилцаа тогтоосон билээ.

"Стратегийн түншлэл"-ийн харилцааны хүрээнд:

  • Улс төрийн харилцаа
  • Батлан хамгаалах,
  • Эдийн засаг,
  • Хөгжлийн бодлого,
  • Боловсрол, соёл,
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх,
  • Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.
Улс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ