Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Берлиний "Neue Wache" дурсгалын цогцолборт цэцэг өргөв

AI мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Берлиний "Neue Wache" дурсгалын цогцолборт цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр дайн болон хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын цогцолбор "Neue Wache"-т байрлах "Хүүгээ алдсан эх" хөшөөнд цэцэг өргөлөө.

Берлин хотын төвд байрладаг "Neue Wache" нь өнгөрсөн үеийн түүхийн алдааг сануулж, дайны үеэр болон золгүйгээр хэлмэгдсэн иргэдийн амь насны үнэ цэнийг хүндэтгэн дурсах, энх тайвныг эрхэмлэхийг бэлгэдсэн цогцолбор юм.

Тус барилгыг Пруссийн хаан III Фридрих Вилхелмийн захиалгаар архитектор Карл Фридрих Шинкелийн зураг төслөөр 1816-1818 онд барьж, 1918 он хүртэл хааны харуулын байрны зориулалтаар ашиглаж байжээ. 1931 онд архитектор Хайнрих Тессеновын зураг төслөөр дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн герман цэргүүдийн дурсгалд зориулсан газар болгон өөрчилсөн байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд "Neue Wache" барилга ихээхэн эвдэрч сүйдсэн тул 1957-1960 онд сэргээн засварлаж, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын үед тус барилгыг "Фашизм ба милитаризмын хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын цогцолбор" болгон өөрчилж байв.

Дурсгалын төвд 1969 онд мөнхийн гал асааж, нэр нь үл мэдэгдэх цэрэг болон хорих лагерийн нэр нь үл мэдэгдэх хоригдлын шарилыг байрлуулсан байна. Герман Улс нэгдсэний дараа "Neue Wache"-г Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дайн болон хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын цогцолбор болгож, 1993 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нээжээ. Дурсгалын цогцолборын төвд Германы уран барималч Кэте Коллвицийн 1937 онд бүтээсэн бүтээл нь хүү нь дайнд амь үрэгдсэн эхийн шаналлыг дүрсэлсэн байдаг.

Улс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ