Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт зургаан чиглэлээр үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.

Тэрээр эхлээд хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй гэдгийг онцлоод, энэ нь Үндсэн хуулийн зарчим гэдгийг сануулжээ. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой гэлээ.

Мөн эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх баталгаа гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэйг онцолсон. Хүүхэд бүрд монгол хэлээ багаас нь зааж сургахад төр засаг, аймаг, орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой гэжээ.
Газар нутаг, оршуулгын зан үйлийн тухайд тэрээр Монгол Улсын газар нутаг хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш гэдгийг тодотголоо. Өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлаа хүндэтгэн үдэх нь хүний ёс боловч өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотойг сануулсан. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстойг хэлээд, үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно гэв.
Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэрийг хэн нэгний дур зоргоор өөрчилдөггүй, энэ нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа гэдгийг тэрээр онцлоод, төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлж, хамгаалж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглээд, төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус, нэгтгэх ёстойг хэлсэн. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай гэжээ.
Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстойг тэрээр онцлоод, нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй гэдгийг сануулсан. Төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой гэлээ.
Эцэст нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстойг төрийн тэргүүн хатуу анхааруулж, эс тэгвээс төрийн хууль дуудах болно гэдгийг хэлсэн.
Эдгээр өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд холбогдох ажлыг уялдуулан зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд үүрэг болголоо.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

