Ерөнхий аудитор 2026 оны төсвийн тодотголын дүгнэлтийг танилцууллаа

AI мэдээ
Ерөнхий аудитор 2026 оны төсвийн тодотголын дүгнэлтийг танилцууллаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий аудитор Сандагийн Магнайсүрэн дүгнэлтээ танилцуулав.

Төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд үндэсний аюулгүй байдал болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудтай нийцэж байгаа боловч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй гэж аудитын дүгнэлтэд онцолсон байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон.

Аудитаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна.

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөсөн. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй” гэдгийг онцлов.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ