Эрхүү мужид жимс түүж явсан хоёр эрэгтэй баавгайд бариулж амиа алджээ

ОХУ-ын Эрхүү мужид жимс түүж явсан хоёр эрэгтэй баавгайд бариулж, амиа алдсаныг тус мужийн цагдаагийн байгууллага Пүрэв гарагт мэдээлсэн байна.
Лена мөрний эргийн алслагдсан ойд Лхагва гарагт гурван хүн жимс түүж яваад баавгай дайрчээ. 55 болон 65 настай хоёр эрэгтэй амиа алдаж, гурав дахь хүн нь зугтаж чадсан гэж Москвагаас зүүн зүгт 4,200 орчим километрийн зайд орших уг бүс нутгийн цагдаа нар мэдээлсэн байна.
Цагдаа болон анчдын эрлийн баг хоёр эрэгтэйн цогцсыг олж, ой дотроос дайрсан баавгайг буудан зугтаалгасан гэж ОХУ-ын дотоод хэргийн яамны бүс нутгийн салбар мэдээлжээ.
Энэ онд Орос даяар баавгайд бариулж амиа алдсан хүний тоо 14 хүрсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үхэлд хүргээгүй халдлагын тоо үүнээс ч өндөр байж болзошгүй гэнэ.
Мөн Лхагва гарагт Сибирийн Красноярск мужид 66 настай эмэгтэй алслагдсан тосгон дахь гэртээ баавгайд бариулж амиа алдсаныг эрх баригчид мэдээлсэн байна.
ОХУ-ын байгаль орчны яам энэ жил баавгайн халдлага нэмэгдсэн гэх мэдээллийг няцааж, үхэлд хүргэсэн болон хүргээгүй халдлагын жилийн дундаж тоо 20-30-ын хооронд хэлбэлздэг хэвээр байгааг баталжээ.
2014 онд ОХУ-д баавгайн халдлагын тоо 166 хүрч, дээд хэмжээндээ хүрч байсан гэнэ. Хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, одоогоор 307,000 орчимд хүрээд байна.
Албаны тоо баримтаас үзвэл өнгөрсөн хавраас хойш хүмүүст түрэмгий ааш авир гаргасан 530 гаруй баавгайг устгасан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

