Эрхүү дэх тарваган тахлын сэжиг батлагдаагүй, Монголд эрсдэл бага

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибир, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 2-ноос хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн.
Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв тус хүрээлэнд хандаж албан ёсны мэдээлэл хүсэхэд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба хянан шалгалт хийж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй гэсэн хариу мэдээллийг цахим шуудангаар ирүүлсэн байна.
Хяналтын байгууллагын дүгнэлт
РИА Новости агентлагийн 2026 оны аравдугаар сарын 4-ний өдрийн нийтлэлд ОХУ-ын хяналтын байгууллагын дүгнэлтийг дурдсан байна.
- Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй болохыг холбооны алба мэдээлсэн.
- Шалгалтын үр дүнд лаборантын эрхэлж байсан ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд өвчтөнд «Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа» гэсэн онош тавьсан байна.
- Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутагт эрүүл ахуй-халдвар судлалын нөхцөл байдал тайван байна.
- «Биоаюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласан комиссын дүгнэлтэд үндэслэн “Эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон” гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна.
Монгол Улсад үүсэх эрсдэлийг «БАГА» гэж үнэлэв
Эрүүл Мэндийн Яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан А/218/134 дүгээр тушаалын дагуу эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, Монгол Улсад үүсэх эрсдэлийг «БАГА» гэж үнэлсэн байна.
Эрсдэл бага ч урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлсэн.
ЗӨСҮТ-д Эрхүү хот дахь тус хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлын тандалт хийх, олон улсын хэмжээнд мэдээлэгдэж буй халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн үйл явдал, болзошгүй эрсдэлийн талаарх мэдээлэлд өдөр тутам цахим тандалт хийж, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үүрэг өгсөн.
Гаалийн Ерөнхий Газарт хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангах, салбар хоорондын мэдээлэл солилцоог тогтмолжуулах чиглэл хүргэсэн. Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хилийн эрүүл мэндийн тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна.
ЭМЯ нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол үнэлж, ОХУ-ын уг тохиолдолтой холбоотой баталгаатай, албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэн ажиллана гэж мэдээлэв.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

