“Эрдэнэс Тавантолгой”-ийн ашгаас 1.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр нэмэхээр төсвийн тодотголд оруулав
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Тодотголд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өмчит компаниудаас ногдол ашиг авч улсын төсөвт төвлөрүүлэх заалт багтжээ.
Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар тайлбар хийхдээ, өрхийн орлого 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 хувиар агшсан тул иргэдийг хамгаалах зорилгоор цалин хөлсийг нэмэгдүүлж, он дуустал хадгалах ёстой гэв. Үүнийг төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас бүрдүүлэхээр төлөвлөснийг тодруулсан.
Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлагдсан ногдол ашгийг төсөвт авах нь Үндэсний баялгийн сангийн хуулиар хязгаарлагддаг. Иймд тодотголын хүрээнд уул уурхайн экспортын өсөлтийг тооцож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх аж.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 26.5 хувийг эзэмшдэг 1,072 ширхэг хувьцаанд таван удаа ногдол ашиг тараасан хэдий ч үлдсэн хувийг эзэмшдэг төр яагаад ногдол ашиг аваагүйг асуудал болгосон. “Хэрэв ногдол ашгаа авсан бол төсвөөр дамжуулан иргэдэд хүргэх боломжтой байсан” гэж онцлов.
Мөн төрийн өмчит 20 компанийг хөрөнгийн зах зээлд гаргах бөгөөд ирэх жил 3.5 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвтэй байгааг дурджээ. Төрийн өмчийн ногдол ашгийг иргэдэд хүргэх цорын ганц арга бол төсвөөр дамжуулах гэдгийг тэрбээр тодотгоод, “Төсвөөс гадуур байлгахаар улс төрчид цавчаад байна. Тиймээс УИХ дээр нээлттэй хэлэлцээд тэтгэвэрт өгье” гэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

