Эрдэнэбүрэний УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

AI мэдээ
Эрдэнэбүрэний УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Ховд аймгийн ажлын айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна.

90 МВт-ын хүчин чадалтай энэхүү станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн бөгөөд 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаж, төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн үр дүнд 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжин, орон нутгийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.

Төслийн менежер дараах үр ашгийг танилцуулсан:

  • Жилд нүүрсхүчлийн хийн ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулна,
  • Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор багасна,
  • Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангана,
  • Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ.

Барилгын ажлын явцын хувьд үндсэн туннелийн 4 хэсэг болон туслах бүх туннелийг үндсэн туннельд холбож, ус дамжуулан урсгах 385 м туннелийг барьж дуусгажээ. Станцын барилгын суурь ажил дууссан, ус хуримтлуулах худаг болон 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт хийгдсэн. Одоо 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна.

11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм.

Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төслийг хоёр орны хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйн нэг илрэл гэж үздэгээ илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа уг төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан бөгөөд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг бол үлдсэн хэсгийг ОХУ, БНХАУ-аас авдаг.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлыг БНХАУ-ын “Пауэр Чайна” компани гүйцэтгэж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ