Эпштейний хэргийн сонсголд Л.Пүрэвсүрэнг оруулахгүй байгаа нь шүүмжлэл дагууллаа
АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Хууль зүйн байнгын хорооноос Төрийн ордонд зохион байгуулж байна. Өнөөдрийн сонсголд Эпштейний хэргийн баримтуудад дурдагдсан хүмүүсийг оролцуулахгүй байгаа асуудал хэлэлцэгдэв.
Гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн А.Ганбаатар энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр 2007-2017 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд хэлэх ёстой зүйл байгааг дурдав.
«Өнөөдрийн сонсголд оролцож буй хүмүүсийн өөрсдийн уншиж байгаа зүйлд хэр итгэлтэй байна вэ. Зарим нь эрүүгийн шинж чанартай зүйл ярьж байна. Хүний мах шарж идээд, хэншүүг нь үнэртэж байсан юм шиг ярилаа» гэж А.Ганбаатар хэлэв.
Түүнчлэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Монгол Улсад байх хугацаанд хийх боломжтой байсан гэж үзэж байна. «Миний авсан мэдээллээр УИХ-ын дарга болон сонсгол санаачилсан Б.Баярбаатар нарыг хүүхдүүдээ цуглуулаад хамт уулзах урилга тавьсан. Очиж уулзаагүй, явсан хойно нь сонсгол зохион байгууллаа» гэж тэрээр мэдэгдэв.
А.Ганбаатар сонсголын тэнцвэртэй байдлын талаар асуулт тавьж, «Өнөөдрийн хурлаар Жеффри Эпштейний агсны асуудлыг ярих гэж байгаа юм уу. Эсвэл Жеффри Эпштейнтэй уулзалтад оролцсон төрийн тэргүүн, албаны хүмүүсийн талаар ярих гэж байна уу» гэж асуув.
Тэрээр Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг сонсголд оруулах саналыг дэвшүүлэв. «Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, тухайн уулзалтад оролцсон Л.Пүрэвсүрэн гэж хүн манай өрөөнд өглөө ирээд сонсголд намайг урьсангүй гэсэн. Энэ танхимын гадна сууж байна, оруулж ирээд үгийг нь сонсъё» гэж А.Ганбаатар хэлэв.
Мөн «Болор сан, Л.Пүрэвсүрэн нарыг оруулж ирээд мэдээлэл авбал тэнцвэртэй болно» гэж тэрээр санал болгов. «Бүх учир начрыг мэдэж байгаа Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг үүдэн сойчхоод бид юу хэлэлцэх юм бэ. Хээрийн шүүх явуулах гээд байгаа юм уу» гэж А.Ганбаатар хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголын зохион байгуулалтын талаар тайлбар өгөв. «Манай сонсголын тов зургаадугаар сард батлагдсан. Үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирсэн. Есдүгээр сарын 12-нд Монголоос явсан гэдэг мэдээлэл авсан» гэж тэрээр мэдэгдэв.
Б.Баярбаатар сонсголын эрх зүйн хүрээг тайлбарлав. «Энэ бол хяналтын нээлттэй сонсгол, бидэнд мөрдөн шалгах чиг үүрэг байхгүй, гэрч дуудах эрхгүй. 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдсан. Энд сууж буй хүмүүс бүгд цахим бүртгэлээр орж ирсэн» гэж тэрээр хэлэв.
Тэрээр цааш нь «Хянан шалгах түр хороо байгуулагдвал мөрдөн шалгах болон гэрч дуудах чиг үүрэг авдаг. Би дэг зөрчихгүй» гэж мэдэгдэв. Мөн «Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн нээлттэй бүртгүүлээд орж ирэх боломж байсан. Манай сонсгол шүүх хурал биш» гэж Б.Баярбаатар тайлбарлав.
Ц.Элбэгдоржтой холбоотой уулзалтын хүсэлтийн талаар Б.Баярбаатар «Ц.Элбэгдорж над руу хоёр удаа уулзах хүсэлт ирүүлсэн. Би хоёулд нь татгалзсан. Учир юу вэ гэвэл би ганцхан шаардлага тавьсан. Би заавал хүүхдүүдтэй уулзаад яах вэ, хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлчих гэсэн» гэж хэлэв.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

