Эль Ниньогийн улмаас 450 мянга гаруй хүн амиа алдаж болзошгүй гэж эрдэмтэд тооцов

Ирэх зургаан сард үргэлжлэх ер бусын хүчтэй Эль Ниньо үзэгдлийн улмаас үүсэх хэт халалтаас дэлхий даяар 450 мянга гаруй хүн амиа алдаж болзошгүй гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. Энэ тоо нь ердийн жилүүдийн хэт халалтаас амиа алддаг хүний дундаж тоон дээр Эль Ниньотой жил нэмэгдэж буй нэмэлт хохирлыг илэрхийлж байна.
Чикагогийн Их Сургуулийн харьяа Climate Impact Lab хүрээлэнгийн Лхагва гарагт нийтэлсэн тайлан 2027 оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацааг хамарч байна.
Судалгаанд дурдсанаар, ирэх зургаан сард хуурай газрын дэлхийн температур Цельсийн 1.2 хэмээр нэмэгдэж, хэт халуун өдрүүдийн давтамж хэвийн жилүүдээс 44 хувиар илүү гарах ажээ.
Хөгжиж буй орнууд болон Африкийн Сахелын бүс нутагт нөлөө хамгийн хүчтэй байхаар тооцогдож байна. Сахел гэдэг нь Сахарын цөлөөс урагш чийглэг дулаан саваннын бүс рүү шилжих завсрын бүс нутаг юм.
Сахелын бүсэд 66,800 гаруй хүн нэмэлтээр амиа алдах тооцоотой бөгөөд үүний 31,400 нь Нигери улсад ноглож байна. Түүний дараа Индонезод 19,300, Суданд 17,600 орчим хүн амиа алдах магадлалтай гэж гарсан байна.
Мөн Филиппин, Вьетнам, Тайланд, Камбож улсуудад нийтдээ 19,400, Энэтхэгт 15,800, Бразилд 13,300 хүн нэмэлтээр хохирох таамаг дэвшүүлжээ.
Агаарын температур өндөр, орлого багатай орнуудад хэт халалтын аюул хамгийн их байдаг гэдгийг судалгаа харуулж буйг тус лабораторийг үүсгэн байгуулагчдын нэг Майкл Гринстоун онцолжээ. Харин чинээлэг орнуудад агааржуулагч хүрэлцээтэй, усны хангамж тогтвортой, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж илүү сайн учраас эрсдэл харьцангуй бага байх аж.
Эль Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн экваторын шугамын дагуух усны мандлын температур эрс нэмэгдэж, дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг үзэгдэл бөгөөд ихэвчлэн хоёроос долоон жил тутамд давтагддаг.
Энэ сарын эхэнд НҮБ-ын цаг уурын байгууллага энэ жилийн Эль Ниньо 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлал 100 хувь гэж мэдээлж байв. Гэхдээ судлаачид үр дагавар нь 2027 оны дунд үе хүртэл үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

