Дүүжин тээврийн техникийн тест амжилттай, арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийтийн тээвэр, замын түгжрэл, өвөлжилтийн бэлтгэл ажил болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэдэд нийтийн тээврийг сонгох тав тухыг бүрдүүлэхэд анхаарч буйгаа онцлов.
Дүүжин тээврийн ашиглалтын хугацаа
Наймдугаар сарын 15-нд дүүжин тээврийн техникийн тестүүд амжилттай хийгдсэн. Улсын комисс хүлээн авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг хотын дарга хэллээ.
Түрээсийн скүүтер, мопедын зохицуулалт
Долдугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжиж эхэлсэн. Б.Пүрэвдагва түлшний үнэ өссөн энэ үед иргэдэд бичил тээврийн хэрэгсэл ашиглах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ хуулийн дагуу улсын дугаар авах, хамгаалалтын малгай өмсөх, жолооны сургалтад суух зэрэг шаардлагыг хангасны эцэст явуулах нөхцөл бүрдэж байна. Нийслэлээс сүүлийн 2 сарын хугацаанд дугуйн болон бичил тээврийн зориулалтаар нийт 111 км замыг шинээр нэмсэн байна.
Түлшний хангамж, агаарын бохирдлын шийдэл
Есдүгээр сарын 15-наас халаалтын улирал эхэлсэн. “Тавантолгой түлш” ХХК өдөрт 1,400 тонн сайжруулсан шахмал түлшийг графикийн дагуу үйлдвэрлэж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 450 орчим цэгээр борлуулалтыг зохион байгуулжээ. Иргэдээс өмнөх жилүүдэд гаргасан гомдлыг арилгахын тулд “Хотула” аппликейшнээр түлшний нөөцийг бодит цагт хянах тогтолцоонд шилжсэнийг хотын дарга онцоллоо.
Хагас кокс боловсруулах технологийг нутагшуулах зорилгоор Багануур дүүрэгт пиролизын үйлдвэр барих шийдвэр гаргасан. Засгийн газраас дэмжигдсэн энэ төслийн бүтээн байгуулалт 2028 оны хавар анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн тус үйлдвэр 40 МВт-ын цахилгаан станц, 450 ажлын байр бий болгох ач холбогдолтой.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ өвөл 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр тусгай зуух суурилуулж эхэлсэн. Хэрэв амжилттай бол ирэх жилүүдэд 10-20 мянган өрх болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн. Мөн сэргээгдэх эрчим хүчээр дулаан шийдсэн 460 өрх байгаа аж.
“Сэлбэ ухаалаг хот” төслийн явц
Хотын төсөвт ашиглагдаагүй гэх 700 гаруй тэрбум төгрөгийн талаар хотын дарга тодруулга хийлээ. Энэ нь “Сэлбэ ухаалаг хот” байгуулах зорилгоор олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондын хөрөнгө бөгөөд зөвхөн тус төсөлд зарцуулагдана. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 38-40 хувьтай байгаа ч зарим хугацааны зөрүүг рефинанс хийх замаар шийдвэрлэхээр зохицуулалт хийгдэж байна.
Төслийн дагуу 2027 он гэхэд 8,000 орчим орон сууц, 2028 онд нийгмийн байгууламж, худалдаа үйлчилгээний төвүүдийг ашиглалтад оруулахаар зорьж байна. Бондын эргэн төлөлтийг 8,575 орон сууцны борлуулалтын орлогоор төлөх тооцоотой. Тус бүсийн зах зээлийн дундаж үнэлгээг 1 м.кв нь 3.7-3.9 сая төгрөг гэж тодорхойлсон. Сэлбэ ухаалаг хот нь халамжийн хот биш, анх удаа цогц төлөвлөлттэй хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт гэдгийг хотын дарга онцолсон.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

