ДЦС-5-ын барилга угсралтын ажил 16 хувьд хүрч, 2028 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна

AI мэдээ
ДЦС-5-ын барилга угсралтын ажил 16 хувьд хүрч, 2028 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын Үнсэн сангийн 26.4 га талбайд барьж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт энэ оны тавдугаар сарын 4-нд эхэлсэн. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд ажил эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрээд байна.

Одоогоор барилгын нэг, хоёрдугаар зуух, турбины суурь, яндангийн суурь, уут филтерийн суурийн угсралтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд талбай дээр 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байна.

Төслийн ахлах инженер Л.Баасан хэлэхдээ, “65 жил хуримтлагдсан 1 сая орчим куб.метр үнсийг зөөж байна. Одоогоор 300 мянган куб.метрийг зөөж, 30 гаруй хувьтай байна. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд 0 тэмдэгтээс доош байх бүх тоноглолын суурийг цутгаж дуусгах шаардлагатай. Үнс зөөх ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ. Зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй тул шөнө зөөвөрлөж, өдөрт ойролцоогоор 1-110 удаагийн рэйс хийгдэж байна. Арванхоёрдугаар сар гэхэд бүх тоноглолоо татаж авах ажлыг хийж, ирэх оны хавраас угсралтын ажил үргэлжилнэ. Үндсэн тоноглолын үйлдвэрлэл 30 гаруй хувьтай явагдаж байна” гэв.

Төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн: “2025, 2026 оны өвлийн оргил ачааллын хэрэглээ 1,803 МВт байсан. Дулааны тавдугаар цахилгаан станц 300 МВт хүчин чадалтай бөгөөд 100 мянган айл өрхийг дулаанаар хангана. Жилдээ 2.2 тэрбум кВт.ц цахилгаан, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай” гэв.

Төслийн өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд 20 хувийг нийслэл, 80 хувийг ерөнхий гүйцэтгэгч “Митайм” интернэйшнл компани гаргаж байна. 2026 онд 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 2028 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийгэм, эдийн засаг
0

Холбоотой мэдээ