Дорнодын гал түймэр 528,765.5 га талбайг хамарч, Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь өртжээ

2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсны дотор Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь өртсөн гэх урьдчилсан мэдээлэл гарсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой аж.
Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай гэв.
Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлох юм байна.
Үүний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл бүхий дүгнэлт гарна гэдгийг БОУАӨЯ-наас онцолжээ.
Холбоотой мэдээ

📺 “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГИЙН ХЭСГЭЭС:

Сүү ХК шинэ үйлдвэрээ нээж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв

Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэрэгт давж заалдах шүүх хурал боллоо

Сангийн сайд: Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн хуулиар зохицуулж, эрчим хүчийг шийднэ

Уулын замын дагуух 1.5 км явган хүний болон дугуйн замын 560 метр нь хучигджээ

