Дмитрий Донскойн шарилын гар фронтод алга болсон гэх мэдээллийг Оросын сүм няцаав

Оросын үнэн алдартны сүм хийдийн захиргаа дундад зууны үеийн үндэсний баатар Дмитрий Донскойн шарилын хэсэг Украины зүүн хэсгийн Лиман хотын ойролцоо алга болсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Өнгөрсөн сард тус сүм хийдийнхэн Донскойн шинээр илэрсэн шарилын үлдэгдлээс баруун гарынх нь ясыг Украины фронт руу илгээж, тэнд байлдаж буй цэргүүдэд урам зориг өгөхөөр шийдсэн юм.
Дайныг дэмждог "Alex Parker" нэртэй Telegram суваг Оросын цэргүүд Украины Донецк мужаас ухрах үедээ уг ариун шүтээнээ алдсан байж болзошгүйг анх мэдээлсэн. "Кремлевская Табакерка" нэртэй өөр нэг сувагт офицерууд мөргөл үйлдэхээр цугласан газар халдлага болсны улмаас ариун шүтээнийг орхиж ухрахаас өөр аргагүй болсон гэж бичжээ. Эдгээр мэдээллийг Оросын албаныхан баталгаажуулаагүй.
Сүмийн олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах хэлтсийн орлогч дарга Вахтанг Кипшидзе төрийн мэдлийн "РИА Новости" агентлагт ярилцлага өгөхдөө "Энэ бол худал мэдээлэл бөгөөд сүмийн эсрэг зорилготой тараагдаж байгаа нь тодорхой байна" гэж мэдэгджээ.
Дмитрий Донской 1380 онд Куликовын тулаанд Монголын жанжин Мамайн цэргийг ялсан гэж Оросын түүхэнд бичигддэг бөгөөд түүнийг Оросын үнэн алдартны сүм 1988 онд гэгээнтнээр өргөмжилсөн юм.

Долдугаар сард Кремлийн Архангелийн сүмийг сэргээн засварлаж байсан мэргэжилтнүүд түүний бунхныг санамсаргүй илрүүлсний дараа сүмийн захиргаа шарилын зарим хэсгийг Украинд тулалдаж буй цэргүүдэд илгээх санаачилга гаргасан. Шарилын хэсгийг фронт руу илгээхийн өмнө ерөнхийлөгч Владимир Путин сүмд очиж мөргөл үйлдэхдээ олдвортой биечлэн танилцжээ.
Үнэн алдартны сүмийн талаар бичдэг сэтгүүлч Ксения Лученкогийн мэдээлснээр өмнө нь Гэгээн Николай, Муромын Гэгээн Петр ба Феврония, Крымийн Гэгээн Лук, Москвагийн Гэгээн Матрона зэрэг бусад гэгээнтнүүдийн ариун шүтээнийг фронт руу илгээж байжээ.
Сүүлийн үед Донецк мужид Украины цэргүүд сөрөг довтолж, Лиман хотын ойролцоох Оросын хяналтад байсан цэргийн байрлалыг устгаж, Славянск хот руу урагшилж буй Оросын ангиудыг бүслэх аюул үүсгэсэн тухай мэдээ гарч байгаа бөгөөд шүтээн алга болсон тухай мэдээлэл үүнийг баталж байгаа бололтой.
Батлан хамгаалах салбарын зөвлөх үйлчилгээ явуулдаг "Rochan Consulting" байгууллагын тооцооллоор Украины зэвсэгт хүчин 240 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг эргүүлэн авчээ. Украины армийн гуравдугаар корпусын командлагч Андрей Билецкий "Вивальди" хэмээн нэрлэсэн ажиллагааны үеэр анги нь Оросын 250 цэргийг олзлон авснаа мэдээлж байсан.
"Оросын цэргүүд офицерууд, нисгэгчид, их буучидтайгаа хамт бүхэл бүтэн анги, салбараараа бууж өгсөн" гэж Билецкий энэ талаар мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

