Дасгалжуулагч Ц.Хосбаярын эрхийг МОНАДА-гаас түр түдгэлзүүлжээ

Шүүхээс хориотой эм худалдсан гэм буруутайд тооцсон дасгалжуулагч Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлжээ.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас /МОНАДА/ түүнд допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар мэдэгдэл хүргүүлж, 2026 оны есдүгээр сарын 2-ноос эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл эрхийг нь урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн байна.
Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд Ц.Хосбаяр тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй.
МОНАДА-гаас Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлж, тамирчдад хориглосон бодис худалдсан үйлдлийг илрүүлэн хууль сахиулах байгууллагад шилжүүлж байв. Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн.
Допингийн эсрэг үндэсний дүрэмд тамирчин болон түүнийг дэмжигч этгээд хориглосон бодисыг эзэмших, худалдах, худалдахыг завдах, дүрэм зөрчих үйлдэлд хамтран оролцох зэргийг дүрмийн зөрчилд тооцдог. Дасгалжуулагч Ц.Хосбаяр мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч авах, шийдвэрийг хянуулах эрхтэй аж.
Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэхээр болжээ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

