COP17 хурлаар таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлсэн

Наймдугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулсан COP17 олон улсын бага хурлын үр дүнг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. Түүний хэлснээр ногоон төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтуудыг нэгтгэвэл Монголд 1.4 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бүрдсэн байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийн чиглэлд 400 сая ам.долларын хамтын ажиллагааны боломжууд багтаж буйг тэрбээр дурдлаа.
Дэлхийн хэмжээнд санхүүжилт
Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо бий. Одоогоор 77 тэрбум ам.долларыг эдгээр зорилгод зарцуулж буй аж. Хурлын үеэр дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.долларын санхүүжилт зарласан.
Үүний томоохон хэсэг нь Монгол Улсын санаачилга болох тал хээрийн төлөвлөгөөний бэлчээрийн тэргүүлэх санаачилгад чиглэж, 45 бэлчээр, эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон гэв.
Мөн COP17-ын үеэр ган гачгийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын механизм нээгдэж, усны нөөц, газар, хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд 400 сая ам.доллар хүртэлх санхүүжилт татах зорилт тавьсан. Газрын нөхөн сэргээлтийн төслүүдэд зориулж 1.3 тэрбум ам.долларын багцыг 23 улсад хэрэгжүүлэхээр болжээ.
Азийн Хөгжлийн Банк болон түншүүдийн газрын доройтол, цөлжилтийг сааруулах хөрөнгө оруулалтын сан буюу FIELD санаачилгыг Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж, 2035 он хүртэл хоёр тэрбум ам.доллароос доошгүй санхүүжилт бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Тал хээрийн төлөвлөгөө
Монгол Улсын дэвшүүлсэн тал хээрийн төлөвлөгөөг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжсэнийг сайд онцлов. Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд төлөвлөгөөнд бэлчээрийн тэргүүлэх санаачилга, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван чиглэл багтсан. Эдгээр нь 196 улсын дэмжлэгийг авч чадсаныг тэрбээр хэлж, дэлхийн малчдын чуулганы үеэр залуу, эмэгтэй малчдын тунхаглалыг баталсныг мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

