Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийг Японы санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаатай 2026 оны 9 дүгээр сарын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр тал “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг” (E/N)-ийг солилцлоо.
Хоёр улсын харилцаа “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглээд, уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа нотлов.
Мөн “Ногоон чөлөөлөлт”, “POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны агуулах сав барих чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлэв. Японы “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай” санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Давхар татварын хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотолж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөж, ялангуяа Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Японы тал Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Боловсролын салбарт Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар эрмэлзэж байгаагаа нотлов.
2027 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд энэхүү ойг өргөн хүрээнд тэмдэглэж, найрамдал, нөхөрлөлийг бататгахад санал нэгдлээ.
Монголын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэв. Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

