Бордооны импортыг экспортоор солих нь: Монголын хөдөө аж ахуйн шинэ чиглэл

Монгол Улс хөрсний доройтлыг бууруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын органик бордооны үйлдвэрлэлийг дэмжиж эхэлсэн. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын санаачилгаар Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд үндэсний үйлдвэрлэгч зургаан компанийн органик бордоог улаанбуудайн тариаланд туршиж, анхны үр дүнг гаргажээ.
Жилдээ 15 мянган тонн бордоог хоёр хөршөөсөө импортолдог улс дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжвэл энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай. Энэ нь импортыг орлуулаад зогсохгүй илүү гарсан бордоог экспортлох боломжийг нээж байгаа юм. Малын яс, ноос, нүүрс зэрэг түүхий эдээр үйлдвэрлэсэн органик бордоо нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж, малчид болон үйлдвэрлэгчдэд нэмэлт орлого бий болгоно гэж үзэж байна.

COP17 хүнс, хөрсний асуудлыг онцлов
НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17-р бага хурал (COP17) хүнсний тогтолцоо, эрүүл хөрсний харилцан уялдааг дэлхий нийтийн хэмжээнд анхаарлын төвд тавьж өндөрлөжээ. Хурлын 11 дэх өдөр энэ сэдэвт бүхэлдээ зориулагдсан байна. COP16-д эхлүүлсэн Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгад 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төслийг дэмжин ажиллаж байгаа ажээ. Цаашид 120 сая гаруй фермерийг дэмжих, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилтыг тавьсан байна.
Бэлчээрийн даац, хөрсний доройтлын асуудал
Монгол Улсад бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нэмэгдэж буй нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт сорилт болж байна. Энэ асуудлыг шийдэхээр яамнаас "Нутагтаа эзэн 100:1000" төслийг энэ жил 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл нь баг бүрд 100 га газрыг малчдад эзэмшүүлж, ногоон тэжээл тариалуулах замаар отор нүүдлийг багасгаж, нутагтаа өвөлжих боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.
Бразил Улс сүүлийн 15 жилд нүүрстөрөгчийн ялгарал багатай хөдөө аж ахуйн бодлогын үр дүнд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээсэн нь агроэкологийн шийдлийн жишээ болж буй юм.
Холбоотой мэдээ

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Самнасан ноолуурын экспорт 37 хувиар өсжээ

Ц.Идэрбат: Годронтой ямааг Саятан сүрэг компаниас иргэд рүү худалдсан

“Баялаг бүтээгч захирлуудын индэр” нэвтрүүлгийн зочин Д.Баянмөнх:

"Далайн хүч" ХХК-ийн захирал В.Алтангэрэл:

