Берлин ба Мекленбург-Баруун Померан мужийн сонгууль: Германы улс төрд том өөрчлөлт

2026 оны есдүгээр сарын 20-ны Ням гарагт Германы Берлин хот болон Мекленбург-Баруун Померан мужид зэрэг явагдсан сонгуулийн урьдчилсан дүн нэг өдрийн дараа, буюу есдүгээр сарын 21-ний Даваа гарагт албан ёсоор гараад байна.
Берлиний сонгуулиар зүүний «Die Linke» нам 25.7 хувийн санал авч, хотын сонгуулийн түүхэнд анх удаагаа нэгдүгээрт жагслаа. Уг намын ялалт нь цагаач гаралтай (турк угсаатай) хүний эрхийн хамгаалагч Элиф Эралп (Elif Eralp) хотын түүхэнд анхны цагаач гаралтай социалист хотын дарга болох боломжийг нээж байна.

Энэ удаа 16, 17 насны өсвөр үеийнхэн Берлиний парламентын сонгуульд анх удаа албан ёсоор санал өгөх эрхтэй оролцсон нь зүүн жигүүрийн болон ногоон намуудын саналыг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байна. «Die Linke» намын нэр хүнд сүүлийн сонгуулиас хойш +8.5 хувиар өссөн бөгөөд орон сууцны үнийн хямралыг гол сэдэв болгосон нь залуучуудын дунд тэргүүлжээ.
Канцлер Фридрих Мерцийн удирддаг Христийн Ардчилсан нам (CDU) 18.8 хувийн санал авч, хоёрдугаар байрт орж, өмнөх сонгуулиас -8.2 хувиар унасан байна. Одоогийн хотын дарга Кай Вегнер нэрээ татсан тул CDU намаас Стефан Эверс нэр дэвшсэн.
Хотын даргын нэрийг татсан шалтгаан
Берлин хотын дарга Кай Вегнер (Kai Wegner) 2026 оны долдугаар сарын 10-нд CDU намаас дахин нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан. Үүний шалтгаан нь олон нийтийн дунд дуулиан тарьсан «Теннис-Гейт» (Tennis-gate) хэмээх үйл явдалтай холбоотой байв.
2026 оны нэгдүгээр сарын 3-нд Берлин хотын баруун өмнөд хэсэгт эрчим хүчний дэд бүтцийг зүүний хэт даврагчид галдан шатаасан. Үүний улмаас өвлийн хүйтэнд Берлиний 45,000 орчим өрх, эмнэлэг, асрамжийн газрууд, 2,000 гаруй аж ахуйн нэгж бараг долоо хоногийн турш цахилгаан, халаалтгүй болжээ. Энэ үед Вегнер Берлиний Боловсролын сайдтай хамт теннисний талбай дээр тоглож байсан нь илэрсэн.

Шүүмжлэлд өртсөн тэрбээр «Би тухайн өдөр гэрээсээ ажиллаж, хямралыг зохицуулахаар өдөржин утсаар ярьсан» гэж мэдэгдэж, Холбооны Канцлер Фридрих Мерцтэй шууд утсаар холбогдож зааварчилгаа авч байсан гэж тайлбарлаж байжээ. Гэвч Германы хэвлэлүүд болон Захиргааны шүүхийн шийдвэрээр дуудлагын түүхийг шалгахад тэрбээр тухайн өдрийн үдээс өмнө ямар ч албан ёсны утасны дуудлага хийгээгүй, канцлер Фридрих Мерц ч тийм яриа болсныг санахгүй байна гэж мэдэгдсэнээр Вегнер олон нийтэд худал хэлсэн нь батлагдсан.

Уг дуулианы улмаас Кай Вегнер болон түүний удирдаж байсан Берлиний эвслийн нэр хүнд 17 хувь хүртэл унасан. Намын залуучуудын жигүүр болон бусад гишүүд түүнийг нэрээ татахыг шаардаж, нээлттэй захидал илгээсэн тул тэрбээр дуулиан нь намын сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь сүүдэртүүлж байгааг хүлээн зөвшөөрч нэрээ татсан. Түүний оронд нэр дэвшсэн Стефан Эверсийн хувьд уг дуулиан CDU намын ялагдлын гол шалтгаануудын нэг болсон.
Христийн Ардчилсан нам өмнөх сонгуулийн 28 хувийн амжилтаа алдсан нь «Канцлер Фридрих Мерцийн хар дарсан зүүд» болсныг Өрнөдийн хэвлэлүүд онцолсон. Канцлер Фридрих Мерц энэ үр дүнг намдаа «гамшиг боллоо» гэж тодорхойлсныг Euronews уламжлав.
Хэт барууны үндсэрхэг «AfD» нам Берлинд саналаа ахиулж, 16.3 хувийн саналаар гуравдугаар байрт орсон бол Ногоон нам 14.3 хувь, Социал Демократ нам (SPD) 12.1 хувийн санал авч, тавдугаар байр хүртэл ухарсан нь SPD-ийн Берлиний сонгуулийн түүхэн дэх хамгийн муу үр дүн болжээ.
Энэ үр дүнгээр Берлинийг хамтран удирдаж байсан CDU болон SPD намын «Их эвсэл» олонхын суудлаа алдсан. Цаашид «Die Linke» нам Ногоон нам болон SPD-тэй хамтарсан шинэ эвслийн засгийн газар байгуулах урт хугацааны яриа хэлэлцээ эхлүүлэх хүлээлттэй байна.
Мекленбург-Баруун Померан: AfD-ийн ялалт, CDU-гийн сүйрэл
Мөн өдөр Мекленбург-Баруун Померан мужийн Ландтаг (мужийн парламент)-ийн сонгууль явагдсан. Германы зүүн хойд хэсэгт, хуучин Зүүн Германы нутагт орших энэ муж нь далайн эргийн, хүн ам цөөнтэй, харьцангуй хөдөөгийн муж юм.
Уг сонгуулиар хэт барууны үндсэрхэг AfD нам 38.2 хувийн санал авч, мужийн хамгийн том нам болсон. Энэ нь тэд хоёр долоо хоногийн өмнө Саксони-Анхальт мужид ялсныхаа дараа авч буй хоёр дахь том ялалт болжээ.
Мужийг урт хугацаанд удирдсан Мануэла Швезиг (Manuela Schwesig)-ийн SPD нам 35.5 хувийн санал авч, хоёрдугаарт орсон бол CDU нам ердөө 4.9 хувийн санал авч, парламентад суудал авах 5 хувийн босгыг даваж чадсангүй. Ийнхүү CDU нам Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа аль нэг мужийн парламентад суудалгүй үлдсэн түүхэн сүйрэл амсав.
Хуучин Зүүн Германы мужуудад уламжлалт намууд болох CDU, SPD-д итгэх иргэдийн итгэл буурч, системд дургүйцсэн хандлага хүчтэй нэмэгдэж байгааг энэ сонгууль дахин харуулсан. Сонгогчид амьжиргааны өртөг, эрчим хүчний үнэ болон цагаачлалын асуудалд бухимдалтай байгаа нь сонгуулийн дүнд шууд нөлөөлжээ.

Энэхүү сонгууль нь зөвхөн нэг мужийн асуудал биш, Холбооны Канцлер Фридрих Мерцийн улс төрийн карьер, ирээдүйд шууд заналхийлж байна. Түүний хэрэгжүүлж буй эдийн засаг, тэтгэвэр, эрүүл мэндийн шинэчлэлүүд ард түмний дунд нэр хүндгүй байгаа бөгөөд намын нөхөд нь түүнийг суудлаасаа огцрохыг шаардаж эхэлсэн.
Хэдийгээр Фридрих Мерц «би огцрохгүй, шинэчлэлээ үргэлжлүүлнэ» гэж мэдэгдсэн ч намын дотоод хямрал оргилдоо хүрээд байгааг DW.com онцолжээ. Тэрбээр нөхцөл байдал ноцтой хүндэрснийг хүлээн зөвшөөрч, энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох айлчлалаа яаралтай цуцалж, Берлинд үлдэхээр болжээ.
Ф.Мерц өөрөө «Би ажлаа үргэлжлүүлж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгана» гэж хатуу мэдэгдэж байгаа боловч шинжээчид түүнийг нам дотроосоо шахагдан огцрох эрсдэл 35 хувьд хүрээд байгааг анхааруулж байна.
Холбооны канцлерын албаа шууд хүлээлгэж өгөхгүй байх эрхзүйн үндэслэл нь Берлин хотын сонгууль зөвхөн тухайн муж улсын засаг захиргааг сонгох сонгууль бөгөөд улсын хэмжээний Холбооны Засгийн газрыг солих үндэслэл болохгүй явдал юм. Германы Үндсэн хуулиар канцлерыг Бундестаг сонгодог бөгөөд орон нутгийн сонгуульд нам нь ялагдлаа гээд канцлер автоматаар огцрох хууль зүйн зохицуулалт байхгүй. Ф.Мерцийн удирдсан CDU болон SPD намын Холбооны эвслийн Засгийн газар Бундестагт олонхын суудлаа хадгалж байгаа тул тэрбээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүн түүний улс төрийн ирээдүйд хүнд цохилт болж, практик дээр байр суурь нь ганхаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл Мекленбург-Баруун Померан мужийн сонгууль нь Герман улс даяар уламжлалт консерватив улс төр хүчтэй уналтад орж, хэт барууны үзэл баримтлал хүчээ авч байгааг баталсан, Берлиний сонгуулиас ч илүү жинтэй геополитикийн дохио боллоо хэмээн Reuters агентлаг анхааруулав.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

