Банкны салбарын 400 гаруй ажилтан Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

AI мэдээ
Банкны салбарын 400 гаруй ажилтан Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Банкны салбарынхан "Алтан намар-мод тарих улирал"-ын хүрээнд Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ удаад Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хасбанк, Капитрон Банк, Ариг банк, Богд банк, М банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, ТоС Холбоо, МНСК, Банк санхүүгийн академи зэрэг байгууллагын нийт 400 гаруй ажилтан оролцжээ.

"Алтан намар" аяны зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн сан, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, мод үржүүлгийн газар, мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, мод тарих ажлыг олон нийтэд сурталчлан экологийн боловсрол олгоход чиглэсэн.

Уг арга хэмжээг Тэрбум Мод Сан, Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд банкны салбарынхан IGM дээр мод тарих өдрийг 6 дахь удаагаа зохион байгуулж, ойн санг 600 гаруй модоор баяжуулсан байна.

Банкны салбарынхны тарьсан модыг Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн ойжуулалтын мэргэжлийн баг гурван жилийн хугацаанд арчилгаа, хамгаалалтыг нь хариуцах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай 44 дүгээр зарлигийн дагуу жил бүрийн хавар болон намар мод тарихаар тогтсон.

Тэрбум мод сан нь 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах амлалтыг банкны салбарынхан хамтран авч, амлалтаа ажил хэрэг болгохоор 2022 онд байгуулагдсан. Тус сан өнөөдрийн байдлаар үндсэн 5 чиглэлээр 118 төслийг санхүүжүүлэн, 8,8 сая модыг тарьж ургуулж байна.

Улсын хэмжээнд Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 148 сая модыг тарьж, тарьц суулгацын мөн ийм хэмжээний нөөц бүрдүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намрын мод тарих улирлын нээлтийн үеэр Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд ажиллахдаа Тэрбум мод сангийн санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төслүүд ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч байгааг онцлон тэмдэглэж, банкны салбарынханд тусгайлан талархал илэрхийлж байсан юм.

Манай улсын банкны салбарт нийтдээ 16 мянган хүн ажиллаж байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ