Банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тойм танилцуулагдлаа

Монголын Банкны Холбоо (МБХ) 2026 оны эхний хагас жилийн банкны салбарын тоймыг танилцууллаа. Энэ хугацаанд иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж, 28.2 их наяд төгрөгт хүрсэн байна.
МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ, иргэд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдсэн, валютын хадгаламж буурч, төгрөгт итгэх итгэл сайжирсан. Төгрөгийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөлсөн ч цаашид инфляц өсвөл хадгаламжийн бодит өгөөж буурч, магадгүй сөрөг болох эрсдэл бий гэдгийг анхаарч, долларжих үзэгдлээс сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг онцлов.
Тэрбээр системийн нөлөө бүхий таван банк активын 80-аас дээш хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдгээрийн актив 25 хувь нэмэгдсэн. Үүнд Хаан, Голомт банкны актив 31-33 хувиар өссөн гэв.
МБХ-ны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг 2026 оны хоёрдугаар улиралд 7.7 хувь өссөнөөс 3.9 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн. Уул уурхайг дагаад тээвэр, ложистикийн салбар өсч, хөдөө аж ахуй найман улирлын дараа сэргэсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна.
2026 оны хоёрдугаар улиралд экспорт 58 хувь нэмэгдэхэд нүүрс, зэс, хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлт нөлөөлсөн бол нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр импорт 11 хувь нэмэгджээ. Гадаад худалдаа 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан.
Төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарсан ч гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь санхүүгийн данс 126 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн гэж Ч.Сосорбарам хэллээ.
Төсвийн тухайд тэрбээр, хоёрдугаар улиралд төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь КОВИД-19-ийн үеийн алдагдалтай тэнцэж байна. Татварын орлого өмнөх жилийн мөн үеэс 10 хувь нэмэгдсэн боловч урсгал болон хөрөнгийн зардал 20 хувиар өссөн нь төсвийн зарлага нэмэгдэхэд нөлөөлж, тэнцэл алдагдалтай гарлаа гэж тайлбарлав.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

