Балбад үерээс хойш 9 хоног хонгилд дарагдсан хоёр ажилчин амьд олдлоо

Балба-Төвөдийн хил орчим болсон үерийн улмаас усан цахилгаан станцын хонгилд дарагдсан хоёр ажилчин ес хоногийн дараа амьд гарчээ. Өнгөрсөн долоо хоногийн үерээс хамгийн их нэрвэгдсэн Тришула 3А усан цахилгаан станцын хонгилоос тэднийг аварсан байна.
Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Ража Рам Баснет энэ тухай мэдээлсэн. Эхлээд мастер ажилчин Санжай Шах, дараа нь төслийн удирдагч Кабир Махаржан нарыг аварч, Тришула дахь цэргийн хуаранд хүргэжээ. Тэд уулын хонгилын 170 метрийн гүнээс гарч ирсэн аж.
Аврах ажиллагааны үеэр нэгэн хүний цогцос олдсон ч хэн болохыг нь тогтоогоогүй байгааг Балбын цагдаагийн ажилтан мэдээлсэн. Баасан гарагийн үдээс хойш хонгилд амьд хүн үлдсэн шинж тэмдэг илрээгүй тул эрэн хайх ажлыг зогсоожээ.
Аврагдсан Шах хамгийн түрүүнд "Өнөөдөр хэдний өдөр вэ?" гэж асуусан гэнэ. Тэрбээр гамшгийн үеэр хяналтын өрөөнд 40-45 хүнтэй хамт байсан талаараа дурссан. "Би хяналтын өрөөнд байсан тул хүмүүсийн амийг аврах үүрэгтэй байлаа. Гэвч цаг хугацаа алдсан тул эцэст нь би өөрөө ч гарч чадаагүй" гэж Шах ярьжээ.
Тэрбээр хонгилд байхдаа тайвшрахын тулд тарни уншиж, цагийг өнгөрөөж байсан бөгөөд гурав, дөрвөн хүний дуу хоолойг сонссон гэнэ. "Бид бие биетэйгээ холоос хашхирч харилцаж байсан. Тэдний зарим нь гарч чадаагүй байх" хэмээн Шах хэлсэн юм.
Хоёрыг Катмандугийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд Шахын биеийн байдал тогтвортой байхад Махаржан хүнд байгаа тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ. Балба болон Хятадын Төвөдийн нутагт мөсөн гол гулсаж, асар их ус, хөрс, чулуу хөндий рүү урссан нь энэхүү гамшгийг үүсгэсэн юм.
Уг гамшгийн улмаас 1,287 хүн амь эрсэдэж, 5,000 гаруй хүн сураггүй болсон талаар Балбын албаныхан мэдээлсэн. Бхотекоши, Тришула голын сав дагуух усан цахилгаан станцын ихэнх төсөл мөн эвдэрсэн аж.
Аврах ажиллагааны явцад Балбын нутагт нийт 270 гаруй хүнийг амьд гаргажээ. Тришула 3А станцын хонгилын амыг олоход аврагчид зургаан өдөр зарцуулсан байна. Энэ төсөл дээр ажиллаж байсан 550 орчим хүн сураггүй болсон гэж Балбын эрчим хүчний салбарынхан мэдээлсэн бол Хималайн өндөрлөгийн 12 төслийн 900 орчим ажилчин сураггүй байгаа ажээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

