Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт холбогдсон 13 гадаад иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор прокурорын байгууллагаас судалгаа хийжээ.
Судалгаагаар сүүлийн таван жилд 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргүүд газар нутаг, байгалийн нөөцийн тархалт, улирлаас хамаарч адилгүй байгааг мэдээлсэн.
Сүүлийн хоёр жилд шүүхээс 1,228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байв.
Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль, амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн тооцож нөхөн төлүүлдэг. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгодог аж.
Шүүхээс 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүйгээр байгалийн баялгийг ашиглах, экологийн ач холбогдол, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаатай холбоотой гэж үзжээ.
Судалгааны үр дүнд үндэслэн прокурорын байгууллагаас “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, хохирол нөхөн төлүүлэх, эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйгээр хангах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

