Баавгайн эрсдэлтэй бүсэд цагдаа, цэрэг, анчдын баг ажиллуулах үүрэг өгчээ

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, хүний амь нас хохирсон хэрэгт Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлсэн байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад 2026 оны 10 дугаар сарын 9-нд үүрэг болгожээ.
«Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулжээ» гэж мэдээлэлд дурдсан байна.
Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллуулах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэхийг даалгасан байна.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхай зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн байна. Хэрэгжилтэд анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

