Баавгай суурьшлын бүсэд орох тохиолдол нэмэгдсэн гэж сайд мэдэгдэв

AI мэдээ
Баавгай суурьшлын бүсэд орох тохиолдол нэмэгдсэн гэж сайд мэдэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ “Сүүлийн нэг сарын дотор 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тэр бүү хэл хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод баавгай орж ирсэн байна гэдэг дуудлага бүртгэгдсэн. Энэ бол эрсдэлтэй үзэгдэл юм” гэжээ. Энэ нь ган, хуурайшилт, идэж тэжээл хомсдсон, ургац буурсантай шууд холбоотой гэж тэр үзэж байна.

Мөн 1980-аад оноос хойш хүрэн баавгайн тооллого явуулаагүй. Тухайн үед 500 гаруй бодгаль байна гэсэн судалгаа гарч, түүнээс хойш 40 орчим жил судалгаа хийгээгүй байна.

Иймд ууланд алхдаг, хадлан бэлдэж, ургац хурааж, самар жимс түүж, ан гөрөө хийж байгаа иргэдэд сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Байгаль хамгаалагчид улаан гараараа, зарим нь явган, зарим нь мотоциклтэй ажиллаж, багаж техникгүй байна. Тэд орон нутгийн иргэд болон онцгой байдлын албаныхантай хамтарч баавгайг олс дээсээр хүлж байгааг харсан гэж сайд хэлэв.

Баавгай олонтой улс орны туршлагыг судлаад эхний ээлжид унтуулдаг буугаар орон нутгийн байгаль орчны газруудыг хангах, баавгайг үргээдэг цацлага авах ажлыг богино хугацаанд шийдэх шаардлагатай байна. Байгаль орчны байцаагч нарын бензин шатахууны зардлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар нийт 1 тэрбум 88 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газруудад баавгайг амьдаар нь баригч тор хийлгэх асуудлаар чиглэл өгч ажиллаж байна. Зарим орон нутагт аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байгаа бөгөөд жишээ нь Дархан-Уул аймагт гурван баавгайн квот олгосон. Эхний ээлжид хангайн бүсийн 12 аймагт ийм зөвшөөрөл олгосон.

“Ер нь бол нэг сарын дараа гэхэд баавгай байгалийн жамаар ичнэ. Зарим баавгайд задлан шинжилгээ хийхэд ходоодонд нь идэж тэжээл байхгүй, хүмүүсийн хэлдгээр хорхойтсон байна” гэж сайд хэлэв.

Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайнуудын ихэнх нь нэлээн ядмаг, туранхай эцэнхий, шархтай, зулзаган голдуу байна. Энэ нь тоо толгой нь өссөнтэй холбоотойгоор байгалийн шалгарлаар хөөгдөж туугдсан баавгайнууд байх магадлалтайг харуулж байна гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа” гэлээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ