Б.Тэлмүүн: Онтрэгийн асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар оруулна

AI мэдээ
Б.Тэлмүүн: Онтрэгийн асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар оруулна

Газрын гадаргаас нэг километр гаруйн гүн дэх хүдрийн биетийг "Оюу Толгой" компани блокчлон олборлож байгаа бөгөөд уг хүдрийн биетийн тодорхой хэсэг нь "Онтрэ" компанийн эзэмшлийн талбайд байрлаж байна.

"Оюу Толгой" компанийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээнээс гадна "Онтрэ"-гийн асуудлаар Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хэлэлцээ хийж байна. Зээлийн хүүгийн хэлэлцээрийн дагуу хүүг 40 хувиар бууруулж, менежментийн зардлыг 50 хувиар бууруулах тохиролцоонд талууд хүрч, 2027 оноос ногдол ашиг авахаар болсон.

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн "Онтрэ"-гийн хэлэлцээрийн шатанд тодруулга өглөө.

"Онтрэ дээр Монголын тал буулт хийсэн үү гэж хүмүүс асуугаад байгаа. Тийм зүйл байхгүй. Саяны гэрээ хэлцэл дээр зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулахтай холбоотой гэрээний заалтууд яригдсан"

Онтрэ компанийн эзэмшдэг лицензтэй талбай нь Оюу Толгойн уурхайтай залгаа оршиж байна. Газрын доор нэг километрийн гүнд байгаа биетийг өөр талаар нь ухаад өөр компани ашиглах эдийн засгийн болон техникийн боломжгүй гэж тэрбээр тайлбарлав.

Одоогоор Оюу Толгой компанид Онтрэгийн лицензийг шилжүүлж ашиглах санал гарсан. Харин Засгийн газар ашиглаж болно, гэхдээ яаж ашиглах нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, УИХ-аар орох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг Г.Дамдинням сайдын ахалсан ажлын хэсэг хариуцдаг бөгөөд Онтрэ компанийн эрх бүхий хүмүүстэй хэлэлцээд явж байна.

"Засгийн газрын аль ч түвшинд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах ёстой, харилцан ашигтай байх ёстой гэдэг байр сууриндаа бий"
Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
12

Холбоотой мэдээ