Б.Пүрэвдагва: Нүхэн гарц үр ашиг муутай, дээгүүр гарах байдлаар шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцсэн. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Тэрбээр нийслэлд 573 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс гүйцэтгэл 83 хувьд хүрсэн гэдгийг дуулгав. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн мидлинг түлж, Улаанбаатар хотод 446 цэгээр түлшээ борлуулна. Сайжруулсан түлшний стандартыг барьж, кг-ыг байнга хянаж, 200 гаруй машинаар түгээлтийг бүрэн хийхээр төлөвлөжээ.
Энэ жил 5,000 айл хийн зууханд шилжсэн. Нийслэлд байгаа 270 уурын зуухны 8-ыг хийн зууханд шилжүүлж, агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулсан байна.
Дулааны ачаалал 146 хувь, цахилгаан 109-117 хувь, бохир ус 107 хувьтай ачаалж байгаа тул инженер хангамжийн ажилд анхаарлаа хандуулж, зуныг үдсэн гэж хотын дарга хэлэв. 57.3 км урттай шугам сүлжээ, засварын ажил хийж, 17.6 км борооны ус зайлуулах сүлжээг шинээр ашиглалтад оруулсан. Шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй болсонд 1.8 их наядыг зарцуулж ард нь гарна гэдгийг тэрбээр онцлов.
Дулааны V цахилгаан станцын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад орно. Дамбадаржаагийн ДЦС-ын ажил 80 хувьтай явж байна. Бөөрөлжүүлтийн цахилгаан станц өнгөрсөн жил нойтон нүүрснээс болж гацсан учраас энэ жил 350 тонн нүүрс хатааж, хоолойг шууд татдаг шинэчлэл хийжээ.
Нийтэдэ 111 км зам шинээр барьж, 31 км зам засч, 76 км дугуйн зам шинээр хийсэн. Ирэх жил 350 км дугуйн замын сүлжээтэй болно. Энэ өвөл 1300 нийтийн тээвэр иргэдэд үйлчилж, ес хоногийн түлшний нөөцөө бүрдүүлсэн. Ирэх жил ухаалаг самбарыг буудлуудад байршуулна.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Б.Пүрэвдагва дүүжин тээврийн техникийн тестийг өчигдрөөс эхэлж хийж байгааг мэдээлэв. "Арванхоёрдугаар сарын 5-н гэхэд нэвтрүүлэх графиктай ажиллаж байгаа. Гэхдээ техникийн тестэд алдаа гарвал засвар үйлчилгээ хийгээд хугацаа хойшлох магадлал бий" гэж тэрбээр хэлсэн.
Тэрбээр ирэх жил их багтаамжийн тээврийг заавал эхлүүлж, трамвайн газар шорооны ажлыг эхлүүлэхийг гол зорилго болгон тавьсан гэв. Мөн skyshuttle гэдэг BYD-гийн хамгийн сүүлийн үеийн технологийг ирэх жил эхлүүлж, 2027 ондоо багтааж ядаж 5-7 км их багтаамжийн тээврийг нийслэлчүүдэд хэрэглүүлэх зорилготой ажиллаж байгаагаа илэрхийлэв. "Тэгэхгүй бол манай нийслэлчүүд 20-30 жил метро мөрөөдөж байна шүү дээ" гэж тэрбээр нэмж хэлсэн.
Цаашид ХХААИС-ийн уулзвар, Баянбүрдийн уулзвар, Нохойтой хөшөөний орчим, Нарантуулын орчимд олон түвшний уулзвар хийх шаардлагатай байгааг дурдав. Яармагийн түгжрэл гарцтай холбоотой тул Энхтайваны өргөн чөлөөг дээгүүр нь гүүрэн байгууламж маягаар гаргахаар төлөвлөж байна.
"Манайхан их сонин юм билээ. Нүхэн гарц хийчихээр доошоо ордогүй. Юмны доогуур орохгүй гэдэг уламжлал гэх юм уу. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ. Тэгэхээр дандаа дээгүүр гарах байдлаар шийднэ" гэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

