Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

Японы Айчи муж болон Нагоя хотод зохион байгуулагдсан Азийн XX наадам 14 хоногийн дараа өндөрлөлөө. Монголын баг тамирчид 34 төрөлд оролцож, 15 медаль хүртсэн байна.
"Mizuho Park Athletic" цэнгэлдэхэд "One Asia" буюу "Нэг Ази" хөтөлбөрийн хүрээнд амжилт үзүүлсэн тамирчдыг онцолсон ёслол 90 орчим минут үргэлжилжээ.

Нагоя хот 2016 онд эрхээ авч, гурван жилийн дараа бэлтгэл ажилдаа орсон ч төсөв хэмнэх оролдлого нь олон бэрхшээл дагуулсан. Тамирчдын хотхоны оронд түр байгууламж, томоохон усан онгоц түрээсэлсэн нь тээвэрлэлтийн асуудал үүсгэсэн. Анх төлөвлөснөөс олон тамирчин оролцсон нь зохион байгуулагчдад хүндрэл учруулжээ.

Зарим багийн арын албаныхан хэдэн өдөр хонох газаргүй зүдэрч, тамирчдын байрлаж буй усан онгоцноос тэмцээн болох автобусны хуваарь, газар зөрсний улмаас нэг бус тамирчид тэмцээнээсээ хоцорч, сэтгүүлчид ч хүндрэлтэй тулгарсан.

Төсөв танах зорилгоор тамирчдын хотхонгүй, шинэ спортын ордон нэмж бариагүй ч зардал анх төлөвлөж байснаас бараг гурав дахин өссөн байна.

Тэмцээнд нийт 54 дэлхийн дээд амжилт шинэчлэгдэж, залуучуудын 11 рекорд, тивийн 89 дээд амжилт эвдэгдсэн.
Хятадын 13 настай усанд сэлэгч Юү Зиди, Тайландын 20 настай гүйгч Пурипол Бүүнсон нар Азийн наадмын үнэ цэнтэй тамирчнаар тодорсон. Юү Зидигийн багийн хамтрагч, 19 настай Жан Жан Шуо энэ наадамд долоон алтан медаль хүртсэн анхны усанд сэлэгч болов. Түүнчлэн 17 настай Японы авьяаслаг сэлэгч Шин Охаши 200 метрийн мэлхий сэлэлтэд дэлхийн рекорд тогтоосон юм.
Дараагийн Азийн наадмыг Катарын Доха хотноо зохион байгуулна. Тодруулбал 2030 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 19-нийг дуустал Катарын хойгт үргэлжлэх аж.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Монгол Улс, FIFA хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

