Австралид анх удаа мөөгөөр хийсэн авсанд оршуулга хийжээ

AI мэдээ
Австралид анх удаа мөөгөөр хийсэн авсанд оршуулга хийжээ

Австралийн Нью Соут Уэльс мужийн Блью Маунтайнс дүүргийн Спрингвүүд оршуулгын газарт 70 настай эмэгтэйг мөөгөөр хийсэн авсанд оршуулжээ. Талийгаачийг гэр бүл, найз нөхөд нь Баасан гарагт нутаглуулсан байна.

Нидерландын Loop Biotech компанийн мөөгний үндэс болон олсны ширхэгээр ургуулсан авсыг температур, чийгшлийн хяналттай тусгай өрөөнд хөгц хэлбэрээр ургуулж, долоо хоногт бүрэн хэлбэржүүлдэг гэнэ. Оршуулсны дараа уг авс 45 орчим хоногийн дотор хөрсөнд бүрэн шингэдэг ажээ.

Харьцуулбал, ердийн модон авс бүрэн задрахад 50 жил шаардлагатай. Талийгаачийн нөхөр Дональд хэлэхдээ, “Тэр маань үргэлж бусдын төлөө хүн байсан. Нас барсныхаа дараа ч гэсэн бусдын төлөө ямар нэг зүйл хийнгээ байгальд буцан шингэж байгаа нь түүний хувьд хамгийн зөв шийдэл мэт санагдаж байна” гэжээ.

Loop Biotech-ийн үүсгэн байгуулагч Боб Хендрикс хэлэхдээ, Европ, АНУ-д олон мянган хүн ийм аргаар оршуулагдсаныг дурдаад, Каролин нь Австралийн анхны тохиолдол болж байна. “Таван жилийн өмнө намайг эхэлж байхад Австралиас олон хүн сонирхож байсан. Гадаад руу тээвэрлэхэд бэрхшэлтэй байлаа” гэж тэр хэлжээ. Нэг бүр нь 30 кг орчим жинтэй мөөгөн авс нь Австралийн оршуулгын салбарыг илүү байгальд ээлтэй болгоход чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Одоогоор Австралийн иргэдийн 70 орчим хувь нь чандарлах аргыг сонгодог ч, нэг шарилыг чандарлахад дунджаар 125 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг гэнэ. Хүмүүс илүү удаан насалж, оршуулгаа төлөвлөх хугацаатай болсон тул цаашид байгальд ээлтэй аргууд өргөжинө гэж судлаачид үзэж байна.

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
1

Холбоотой мэдээ