Аудитаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь инфляцын дарамт үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн тодотголын төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.
Аудитын дүгнэлтэд төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд үндэсний аюулгүй байдал, улсын хөгжлийн бодлогын зорилтуудтай нийцэж байгаа ч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж онцолсон.
Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг байхаар тооцсон бол нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын зарим шалгуур хангагдсан ч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх нөхцөлийг хангаагүй тул бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй гэж үзжээ.
Ерөнхий аудитор хэлэхдээ “Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Харин нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь алдагдлыг 2 их наяд 48.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байна. Хэрэв орлого төлөвлөсний дагуу бүрдэхгүй бол төсвийн тогтвортой байдал эрсдэлд орно” гэв.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийн нэмэгдэл нь өрхийн орлого, дотоод эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж аудитаас дүгнэсэн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

